in

Алдартай брендүүдийн савлагаан дээр байдаг тоонууд ямар утга учиртай болохыг мэдэх үү?

“Chanel №5-ын үнэр ч онцгой шүү”, “Алив нэг 7UP аваад өгөөч” зэргээр ярихдаа эдгээр алдартай брэндүүдийн нэрэнд орсон тооны тухай огт боддоггүй билээ. Нээрээ яагаад Габриель Шанель өөрийн анхны үнэртэй усаа “№1” биш харин “№5” гэж нэрлэсэн юм бол?

Ингээд алдартай брэндүүдийн нэрний гарлыг судлаад үзэхэд сонирхолтой олон зүйл тодорсон ба зарим тоо нь үнэхээр нууц утга агуулж байсан бол зарим нь ердөө л тохиолдлын гэж хэлж болох байдлаар брэндийн нэрэнд орсон байна.

Chanel №.5

Габриель Шанель “эмэгтэй хүний мөн чанар болсон эмэгтэй үнэр” бүтээхийг энэ салбарын нэрт мэргэжилтэн Эрнест Богоос хүссэн байна.  Тэрээр 80 гаруй бодис хольж хутган гаргаж авсан 10 гаруй үнэртэй усаа танилцуулахад Шанель №5-ыг сонгож авсан байна. Угаасаа 5-ын тоонд дуртай Шанель шинэ брэнддээ №5 гэсэн нэр хайрлажээ.

Зарим судалгаагаар 55 секунд тутам, дэлхийн хаа нэгтээ энэ брэндийн үнэртэй усыг худалдан авч байдаг гэнэ.

Carolina Herrera 212

Америкийн дизайнер Каролина Эррера мөн л үнэртэй усныхаа нэрэнд тоо ашигласан байдаг. Түүний тэр нууцлаг 212 гэдэг тоо нь үнэндээ Нью-Йоркийн зүрх болсон Манхэттений утасны код төдий юм. Каролина 1980 онд Венесуэлээс энэ бужигнасан, хайрыг нь татсан хотод анх ирж дизайнерын толгой эргэм амжилттай карьераа эхлүүлсэн гэдэг.

“212” гэсэн энэ цуврал дэлхий дахинд маш түргэн алдаршин тархсан ба одоогоор 26 эрэгтэй, эмэгтэй үнэртэй ус энэ нэрээр нэрлэгдэж байна.

Porsche 911

Германы алдарт спорткар “Porsche 911” 1963 онд бий болсон ба тэр үед үйлдвэрлэгчид янз бүрийн үед хийгдсэн тухайн нэг машиныг түр зуур 3 оронтой тоогоор нэрлэхээр төлөвлөж байсан байна. Ингээд Porsche 911-ийг 901 гэж нэрлэхээр шийдсэн боловч өрсөлдөгч болох Францын Peugeot “дундаа 0 бүхий 3 оронтой тоогоор машин нэрлэх эрхийг эзэмшдэг” гэдгээ мэдэгдэн 901 гэдэг тоо ашиглахыг нь хоригложээ. Porsche компани “0”-ийг “1”-ээр сольсноор энэ алдарт брэнд бий болсон түүхтэй.

Levi’s 501

1853 онд Леви Страусс гэгч эрхэм “Levi Strauss & Co” гэсэн хувцас хэрэглэл хийж зардаг дэлгүүр нээжээ. Тэрээр Америкийн ковбой нарт зориулан маш бат бөх материалаар өмд хийдэг байсан ба яваандаа Францын “Serge de Nime” гэсэн материалыг ашигладаг болжээ. Явцын дунд энэ материалын нэр нь “деним” болж хувирсан байна.

Орчин үеийн жинсний дүр төрх 1920-оод оноос бий болсон ба анхны “501”-д бүс тогтоох төдүүл байсангүй. Учир нь энэ өмдийг мөрөвчтэй өмсөнө гэж тооцоолж хийсэн гэдэг. Харин бүтээгдэхүүний нэр болох 501 нь уг өмдөнд хэрэглэсэн материалыг тэмдэглэсэн тоо билээ.

Heinz 57 varietes

Хенри Хайнц 1896 онд өөрийн бүтээгдэхүүнийхээ таних тэмдэгт 57 гэдэг тоог рекламын зорилгоор оруулсан гэдэг. Хэдийгээр түүний бүтээгдэхүүний нэр төрөл 60 даваад байсан ч рекламынхаа уриаг “57 янзын давслалт” хэмээн нэрлэсэн учир нь Хайнц өөрийнхөө дуртай хоёр тоог нийлүүлсэн болон 7 гэдэг тоо хүнд онцгой эерэг сэтгэгдэл төрүүлдэг гэж үзсэн учраас тэр гэнэ.

7UP

Энэ бүтээгдэхүүнийг анх “Bib-Label Lithiated Lemon Lime soda” гэж нэрлэдэг байжээ. Мэдээж энэ урт нэрийг хүн тогтооход хэцүү учир нэр нь өөрчлөгдсөн ба чухам 7UP гэдэг нэр бий болсон байж болох хэд хэдэн хувилбар байдаг.

Анх энэ ундааг савласан лонхны хэмжээ 7 унц байсан учраас

Ундааны бүтцэд 7 янзын бодис орж байсан

Ундааны бүтцэд орох литигийн атомын жин нь 7 байсан… гэх мэт.

АНУ-д литиг олон жилийн турш депрессийн эсрэг эм гэж үздэг байсан ба энэ ундааг үйлдвэрлэгчид маань энэхүү лити хэмээх  аюултай бодисыг 1950 онд ундааныхаа бүтцээс хассан байна.

Jack Daniel’s Old №7

“Old №.7” гэдэг нэрний гарал үүсэл тодорхойгүй ч олон янзын хувилбараар яригддаг. Даниел 7 найз охинтой байсан, хэсэг вискигээ алдсан Даниел 7 жилийн дараа олсон, энэ вискиний рецептийг 7 дахь оролдлого дээрээ олсон … гэх мэт

Хамгийн бодит байж болох хувилбарыг Даниелийг судлаач Питер Красс гаргаж ирсэн ба түүнийхээр бол:

Даниел Жекийн нэрэх үйлдвэр нь бүртгэлийн “7” дугаартай байсан ба удалгүй засгаас өөрчлөлт хийж уг үйлдвэрт “1б” гэсэн дугаар өгсөн байна.

Жек өөрийн хэрэглэгчдээ алдахгүйн тулд, хуучин нэрээрээ буюу “Old №.7” (хуучин №.7 ) гэж брэндээ нэрлэсэн байна.

S7

2008 Оросын “Сибирь” хэмээх авиакомпани улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахын тулд ребрендинг хийж нэрээ солих хэрэгтэй болсон байна. “Сибирь” хэмээх нэр нь дэндүү бүс нутгийн шинжтэй байсан учир илүү универсал S7 гэсэн нэрээр сольжээ. Шинээр нэр олох гэж огт зовоогүй ба Олон улсын агаарын тээврийн ассоциацаас олгодог кодыг шууд авч хэргэлжээ. Жишээ нь Аэрофлот – SU гэдэг кодтой бол Транаэро-UN. Харин Сибирь-S7.

Boeing 747 ба Airbus 380

Дэлхийн 2-р дайны дараа Boeing корпораци үйлдвэрлэлээ үйл ажиллагааны чиглэлээр нь хэд хэдэн хэсэг болгон хуваасан ба 300 болон 400-р хэсэг нисэх онгоц, 500 нь турбин хөдөлгүүр, 600 пуужин, 700 зорчигч тээвэр гэх мэтээр. Ингээд 700-р хэсгийн бүтээсэн Boeing 747 онгоц 1966 онд анх хөөрөхдөө зорчигч тээврийн хамгийн том онгоц гэдэг алдрыг хүртсэн ба 36 жилийн турш энэ алдраа хадгалж байгаад Airbus 380 гарч ирснээр хамгийн том зорчигч тээврийн онгоц байхаа больсон юм.

Харин А380-ын хувьд өмнөх загваруудын нэрний үргэлжлэл мөн боловч А300-А340 хүртэл явж байсан нэрний дэс дараалал алдагдсан тал бий. 380 гэдэг тоог зүгээр нэг аваагүй ба хоёр давхар уг онгоцыг хөндлөн зүсэлт нь 8-ын тоог санагдуулам болон уг онгоцыг авахаар гэрээ хийж байсан Азийн хэд хэдэн оронд 8-ын тоог азын тоо гэж үздэг байсан учраас сонгосон гэдэг.

Xbox 360

Microsoft компани өөрийн шинэ 2-р үеийн консолоо Xbox 2 гэж нэрлэх нь өрсөлдөгч Sony-гоос хоцорч байгаа мэт харагдуулах болно гэж үзсэн учраас ийм нэр өгсөн байна. Тухайн үед Sony компани өөрийн PlayStation-ий 3 дахь үеийн тоглуулагчаа олон түмэнд хүргэсэн байлаа.

360 гэдэг тооны тухайд бол тоглогч тоглоомын орчинд бүрэн дүүрэн буюу 360 градус дотор бүрэн уусна гэсэн утгатай гэдэг.

Бонус: Baskin Robbins

Та Baskin Robbins-ийн лого дээр байх 31 гэдэг тоог анзаарч байсан уу? Энэ брэндийг бий болгосон Берт Баскин болон Ирв Роббинс нар компанийнхаа бүх л онцлогийг харуулах эмблемтэй болохыг зорьж байсан байна. Энэ компани нэгэн удаа бүтэн сарын турш өдөр болгон өөр амт бүхий зайрмаг хийсэн ба чухам эндээс 31 гэсэн тоо гарч ирсэн юм. Компанийн үзэж байснаар бол хүн өдөр болгон өөр амт амталж үзсээр сарын эцэст чухам аль нь дээр байсан болон ямар амтыг дахин мэдрэхийг хүсэж байгаагаа шийдэх тийм боломжтой байх ёстой байлаа.

Энэ компани 1945 оноос хойш 1000 гаруй төрлийн зайрмаг хийсэн боловч өмнө дурдсан тэрхүү 31 дугаар олон түмэнд хүрсэн тул энэ тооноос татгалзаагүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published.