Би сэтгэл зүйч биш, хүүхдийн аашийг судалдаг мэргэжилтэн ч биш, би 5 настай охины ээж хүн. Би та бүхэнтэйгээ хуваалцах ёстой “томьёо”-г олсон юм – өчүүхэн зүйлээс болж галзуурах нь уу гэлтэй хүүхдийн бодлыг өөрчлөх шидэт томьёо.
Юуны түрүүнд өөрсдийн түүхээс ярьж өгье. Охин минь цэцэрлэгт явж эхэллээ, уурлаж дургүйцнэ. Цэцэрлэгт хэзээ ч дасахгүй гэж хэлнэ. Гэртээ ч аашилна: Алимаа уурлаж өчүүхэн зүйлээр ч шуугиан тарьж аашилна. Цэцэрлэгийн багш биднийг хүүхдийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөлөө, нөхцөл байдлыг сайжруулахыг хүссэн юм.
Сэтгэл зүйч бидэнд хэрэгтэй маш олон зөвлөгөө өгсөн, нэг нь маш энгийн мөртлөө үр дүнтэй. Үүний тухай та бүхэнд хэлэхээр шийдсэн юм.
Сэтгэл зүйчийн зөвлөснөөр, хүүхдэдээ дараах зүйлийг ойлгуулах ёстой гэлээ – түүний мэдэрч байгаа болгоныг аав ээж нь ойлгож хүндэлж байгаа. Асуудал үүсэх үеэр, ямар ч шалтгаантайгаар үүссэн байж болно, юу болоод байгааг хүүхдэдээ ойлгуулахад нь туслахыг хичээнэ (5-аас дээш насныханд үр дүнтэй). Тэдний сэтгэлийг ойлгож асуудлыг шийдвэрлэхэд нь өөрсдийг нь оролцуулахад л тэдний галзуурлыг зогсоож чаддаг юм байна.
Дүр зураг: хүүхэд аашаа гаргаж эхлэх тэр мөч. Шалтгаан нь ямар байх нь чухал биш – хүүхэлдэйн гар мултраад унасан, унтах цаг болсон, гэрийн даалгавраа хийхээс татгалзсан эсвэл хийж чадахгүй байгаа. Хүүхдийнхээ нүд рүү хараад тайвнаар асууна:
ЭНЭ ТОМ АСУУДАЛ УУ, ДУНД ЗЭРГИЙН АСУУДАЛ УУ ЭСВЭЛ ЖИЖИГХЭН АСУУДАЛ УУ?
Асуудлынхаа хэмжээг тодорхойлохоор охин минь бодож эхлэх бөгөөд өөрийгөө ямар байдалд орсныгоо ойлгодог, ямартай ч гэртээ энэ арга маш их үр дүнгээ өгнө. Би энэ асуултыг тавьж охин минь хариулна, тэгээд цугтаа асуудлыг шийдэх арга замыг хайна, охин минь өөрөө санал болгоно гээч. Жижигхэн асуудал бол хурдан шийдэгдэнэ. Зарим нэг асуудлыг “дунд зэргийн” гэж хэлнэ.
Ямартай ч бид асуудлыг шийднэ, мэдээж тэр дор нь биш – аливаа зүйлийг хийхэд цаг шаардана гэдэг ойлголтыг суулгаж өгөх хэрэгтэй. Хэрвээ асуудал том бол – үл тоож орхиж болохгүй, танд тэнэг санагдсан ч гэлээ – энэ төрлийн асуудалд их цаг зарцуулах хэрэгтэй болно. Амьдралд тохиолдох зүйл бидний сонирхол, хүслээс гажууд болдог гэдгийг хүүхдэдээ ойлгуулах боломж ч болох талтай.
Энэ арга үнэхээр үр дүнгээ өгсөн саяхны нэгэн тохиолдол. Сургуулийн хувцсаа сонгож байлаа, Алимаа юу өмсөх вэ гээд л санаа нь зовоод эхлэв, гадаа сэрүүхэн байдаг. Тэр өөрийнхөө дуртай өмдийг өмсье гэлээ, харин өмд нь хими цэвэрлэгээнд байдаг. Тэгээд л охин минь “маяглаж” эхлэв, тэгэхээр нь “Охин минь, жижиг асуудал уу, дунд зэрэг үү эсвэл том асуудал уу” гэж асуулаа. Охин минь над руу хараад намуухнаар “жижиг” гэсэн юм.
Жижиг асуудлыг амархан шийдэж болно гэдгийг бид ойлгосон. Би асуудлыг шийдэх хувилбар хэлж өгнө (охин минь бодох цаг хугацаа ч өгнө), тэгээд тэр минь “өөр өмд өмсье” гэлээ. Тэгэхээр нь би “Өмднөөс өөрөө сонгоод өмсөөрэй” гэнэ. Охин минь инээгээд өмдөө сонгохоор боссон юм. Асуудлыг өөрөө шийдэж чадсанд нь би хөөргөж охиноо магтлаа. Ингээд л ээж охин асуудлаа шийдэж чадаад байгаа юм.
Хүүхдийн хүмүүжилд тусгай эсвэл ид шидийн арга барил гэж байхгүй. Хүүхдээ хүмүүжүүлэх, том болох бүхий л үе мөчийг нь цугтаа туулах – энэ бол эцэг эхийн том даалгавар. Заримдаа бид буруу замыг сонгохыг үгүйсгэхгүй, алдаагаа ойлгож өөр замыг цаг тухайд нь сонгож сурах хэрэгтэй. Хүүхдийнхээ олон аашийг давж гарч чадсанаар хонгилын үзүүрт гэрэл олж харсан учраас та бүхэнтэйгээ энэ аргыг хуваалцаж байна.