Нойрмоглох – өдрийн турш унтах хүсэл. Нойргүйдлийн адил амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй.
Нойрмоглох шалтгаан
Энэ нь сэтгэл зүйн хүчин зүйлээс шалтгаалах нь элбэг, ялангуяа хариуцлагаас бултах хүсэлтэй холбон тайлбарлаж болно. Маш цөөн тохиолдолд ямар нэгэн өвчний шинж тэмдэг болдог байна. Ямар ч тохиолдол байсан хамаагүй шалтгааныг тодруулж арилгах нь зүйтэй.
Ихэнх тохиолдолд дараах шалтгаантай байдаг:
- Ядаргаа
- Хариуцлагатай шийдвэр гаргахаас зайлсхийх
- Биеийн хүчний болон сэтгэл зүйн идэвх суларсан
Нойрмоглож эхлэхэд хүмүүс энэ таагүй байдлаасаа гарахын тулд энергийн ундаа уудаг. Энэ нь шилдэг арга биш гэдгийг та бид мэднэ, учир нь дотоод эрхтэнд сөргөөр нөлөөлөх бодисын агууламж өндөртэй ундаа.
Нойрмоглох асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны түрүүнд шалтгааныг нь олох чухал.
Ихэвчлэн сэтгэл зүйн өөрчлөлттэй холбоотой
Нойр нь хүний стресс, уур бухимдал, уйтгар гунигийг арилгадаг.
Нойрондоо бид өдөр тутмынхаа асуудлыг мартан амарна. Тийм учраас, хүний амьдралд таагүй зүйл тохиолдлоо гэхэд нойронд умбах хүсэл цаанаасаа төрдөг байна. Ингээд л нойрмоглож эхэлнэ.
Нойрмоглохгүй байхын тулд амьдралын таагүй асуудлаас зугтаах бус харин үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Бие даан шийдвэрлэх боломжгүй бол сэтгэл зүйчийн туслалцаа авна.
- Өөр нэгэн шалтгаан бол эмийн гаж нөлөө байж болно.
Эмчтэйгээ зөвлөөд өөр гаж нөлөө багатай эмээр солих боломжтой.
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсон тохиолдолд
Уг булчирхай нь хүний бие махбодийг бүхэлд нь дэмжих гормон ялгаруулах үүрэгтэй. Гормоны дутагдалд орсноор нойрмоглож болно. Эмч танд гормон нөхөх эм эсвэл бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээг эхлүүлэх болно.
- Заримдаа бие махбодийн илүүдэл жингээс байж болно
Илүүдэл жин бүх талаараа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Илүүдэл жингээ багасгаснаар асуудлыг шийдэх боломжтой.
- Дараах өвчнийг мөн хамруулан ойлгодог: хар тамхинд донтох, Клайм-Левинийн хам шинж, апноэ.
Дээрх тохиолдолд мэргэжлийн эмчийн туслалцаа авна.
Нойрмоглохыг эмчлэх нь
Зохих эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч л бичиж өгнө, гэхдээ эхний ээлжинд та дараах арга хэмжээг эхлүүлэх боломжтой.
Хүн өдөрт ойролцоогоор 8 цаг унтах ёстой. Энэ нормыг баримтлахыг хичээгээрэй. Тодорхой цаг тавьж тэр цагтаа унтахыг хичээ.
- Унтахаасаа өмнө зугаалах, өглөөний дасгал хийх
- Хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэх. Аминдэм – эрүүл байхын үндэс.
- Согтууруулах төрлийн ундаа болон тамхинаас татгалзах
- Амттан, кофены хэрэглээг хязгаарлах. Энергийн ундаа биеийг хэсэг зуур сэргээдэг ч улам ядраах сөрөг нөлөөтэй. Кофены байнгын хэрэглээ нь биеэс кальцийг гадагшлуулдаг, энэ нь бие сулрахад нөлөөлнө.
Нойрмоглох байдал арилахгүй байвал эмчийн зөвлөгөө заавал авна. Эмч таныг нойрны зөв горимд оруулах зохих эмчилгээг эхлүүлэх нь дамжиггүй.