in ,

Яг зөвЯг зөв ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха

Хүүхдийн гаргадаг эдгээр 7 зан авирт анхаарал хандуулахгүй бол хожим нь харамсах болно шүү!

Ээж, аав болно гэдэг сайхан зүйл! Гэхдээ энэ бол амаргүй ажил гэдгийг хүүхэдтэй хүмүүс сайн мэдэж байгаа. Хүүхдүүдээ боловсролтой, хүмүүжилтэй, амьдрах чадвар сайтай хүн болгож өсгөхийн тулд ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулах шаардлагатай. Хүүхдүүдийнхээ хажууд байхдаа эцэг эхчүүд бид өөрсдөө ямар тохиолдолд яаж биеэ авч явах ёстойгоо сайн мэддэггүй юм байна гэдгээ мэдэрдэг.

Бид та бүхэндээ эцэг эхчүүдийн санааг зовоодог, тоолгүй өнгөрөөж болохгүй, хүүхдийн зан авирын түгээмэл асуудлуудыг хэрхэн зохицуулах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

 

Нуун дарагдуулах

Заримдаа хүүхдүүд ямар нэгэн муу юмны гэрч болсон талаараа ярихаас айдаг. Яагаад гэвэл тэд үүнээс болж тэдэнд таагүй зүйл болно гэж боддог. Зарим хүүхдүүд хашраахын тулд эсвэл сайшаагдахын тулд зориуд дуугүй байдаг. Харин зарим хүүхдүүд иймэрхүү байдлаар тэд бусдад тусалж байна гэж боддог.

Шийдэл: Хүүхдэд чалчаа байх, сонор сэрэмжтэй байх хоёрын ялгааг тайлбарлах хэрэгтэй. Хүүхдээ тайван сонсож, зэмлэхгүй байх хэрэгтэй. Мөн асуудлаа шийдэхэд нь болон нөхцөл байдлын учрыг олоход нь тусал.

 

Ах эгч, дүү нарын хоорондын тэмцэл

Заримдаа эцэг эхчүүд хүүхдэд ямар нэгэн шошго (жишээ нь, нэг нь ухаантай, хөөрхөн) зүүж, эсвэл аль нэгийг нь хайртай хүүхдээ болгох маягаар ийм төрлийн зөрчлийг өөрсдөө өөгшүүлдэг.

Шийдэл: Асуудлын үндсийг олж илрүүлэн, бие биендээ биеийн өвдөлт учруулахыг нь хоригло. Хүүхдүүд нэг баг болж ажиллахад нь тусалж, аливаа зөрчлийг шударгаар шийдэж сурга. Бие биенийгээ хүндлэх чухал гэдгийг тайлбарлаж өг. Хүүхэд болгонтойгоо тусдаа цагийг өнгөрөөж байх хэрэгтэй. Энэ нь гэр бүлд халуун дулаан харилцаа бий болгоход тусална.

 

Хулгай хийх

Гэр бүл, найз нөхдийн зүгээс анхаарал дутсанаас, таалагдсан зүйлээ өөрийн болгох гэсэн их хүслээс, ёс суртахууны ойлголт дутуу хөгжсөнөөс гэх зэргээс болоод хүүхэд бусдын юмыг авж эхэлдэг.

Шийдэл: Бий болсон нөхцөл байдалд хандах таны хандлага маш чухал. Тайван бай. Хэрвээ хүүхэд бусдын юмыг анх удаа авсан бол яагаад ийм зүйл хийснийг нь мэдэхийг оролд. Мөн бусдын юмыг хулгайлах хориотой гэдгийг тайлбарлаж өгөөд, авсан юмаа буцааж өгч, уучлалт гуйхыг шаардах (хүсэх) хэрэгтэй. Хэрвээ ийм байдал удаа дараа давтагдах юм бол сэтгэл зүйчид хандан мэргэжлийн сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хулгай хийх нь тогтсон зуршил болчихно шүү.

 

Бусдад хүндэтгэлгүй хандах

Бусдад хүндэтгэлгүй ханддаг зан байдал дан ганц өсвөр насныханд тохиолддог асуудал биш, хоёроос дээш настай хүүхдүүдэд ч илэрдэг зүйл. Бага насны хүүхдүүд зурагтаар харсан зүйлээ давтах нь олонтаа. Эсвэл том хүмүүсийн эсвэл ах, эгч нарынхаа хийж байгаа үйлдэл, хэл яриаг нь дуурайдаг.

Шийдэл: Иймэрхүү зан байдлын шалтгаан нь юу болохыг олж тодруул. Хүүхдээ сэтгэл хөдлөл болон хүсч байгаа зүйлээ зөв илэрхийлэхэд болон тайван байхад сурга. Мөн бусдыг сонсож чаддаг болгох хэрэгтэй. Хэрвээ хүүхэд … байвал түүний давуу эрхийг хязгаарлах хэрэгтэй.

 

Хууран мэхлэх

Энд хүүхдийн нас маш чухал юм. Долоо хүртэлх насны хүүхдүүд дүрслэн бодох чадвар сайтай байдаг. Хууран мэхлэх шалтгаануудын дундаас дараах хэд хэдэн шалтгаануудыг мэргэжилтнүүд онцлон нэрлэж байна. Үүнд таагүй байдлаас зугтах эрмэлзлэл, анхаарал халамж хүсэх, зандруу аав, ээжээс айх айдас, хүссэн зүйлээ авах эрмэлзлэл гэх мэт.

Шийдэл: Тайван бай. Харилцаанд үнэнч шударга байдал, итгэлцэл ямар чухал байдгийг хүүхдэдээ тайлбарлаж өг. Хууран мэхлэж болохгүй гэдгийг хүүхдэд харуулж, ойлгуулах, аятайхан шийтгэл бодож ол. Хэрвээ хуурж мэхлэх нь хүүхдийн хувьд энгийн л зүйл болж эхэлнэ гэдэг нь илүү ноцтой асуудлын шинж тэмдэг юм. Энэ талаар мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй.

 

Гоншигонох

Энэ нь хүхдийн аль нэгэн хэрэгцээ хангагдаагүй байна гэсэн дохио. Юун түрүүнд хүүхдээсээ бүх зүйл нь хэвийн байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Түүнд таны анхаарал дутагдсан эсвэл ямар нэгэн зүйл санааг нь түгшээж байж болох юм. Хэрвээ эцэг эх нь шийдэмгий бус байх юм бол эсвэл хэтэрхий өндөр шаардлага тавих юм бол хүүхдүүд ийм аргаар хүссэн зүйлдээ хүрэх болно.

Шийдэл: Төв царай гаргахыг хичээ. Гоншигонохгүйгээр зүгээр ярихыг хүүхдэдээ сануулж бай. Хэрвээ тэр байнга ийм зан гаргаж байх юм бол гэр бүл дотор юу болоод байгаагийн учрыг олох хэрэгтэй. Тэр ч бас гэр бүлийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлэхийн тулд түүнтэй энэ талаар ярилцах хэрэгтэй.

 

Бүдүүлэг байдал

Хүүхдүүд тань тамшаалж иддэг, эсвэл ойр орчмынхоо хүмүүсийг хүндлэхгүй байгааг нь хараад та гайхдаг байж болох юм. Гэхдээ ийм зан байдлын суурь гэр бүлд тавигддаг. “Уучлаарай”, “баярлалаа”, “зүгээр” гэдэг үгнүүд бол ширээний ард биеэ авч явах хамгийн энгийн дүрмүүдийн адил.

Шийдэл: Ааш аягийг нь засаж байхдаа хүүхдээ хэтэрхий бүү шах. Харин бусад хүмүүст анхаарал хандуулдаг байхыг аль болох сануулж бай. Түүнчлэн эцэг эхчүүд, ойр дотныхон нь биеэ зөв авч явах хэрэгтэй. Учир нь хүүхэд харж байгаа зүйлээ давтдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *