Хавдрын эмч нар түгшүүр зарлаж байна: 2015 оны байдлаар манай улсад 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ нь хүмүүс эмнэлгийн тусламжийг хэтэрхий хожуу авдагтай холбоотой юм. Гэтэл хорт хавдрыг эрт үед нь олж илрүүлбэл эдгэрэх магадлал 95% хувь байдаг ажээ.
Хорт хавдар үүсэж байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Дараах шинж тэмдгүүд танд илэрч байгааг анзаарвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Хорт хавдрын эрт үеийн шинж тэмдэг
1. Эмэгтэйн гэдэс дүүрэх
Ямар нэг шалтгаангүйгээр хэвлий хэсгээр байнга гэдэс дүүрэх мэдрэмж төрж байгаа бол өндгөвчний хорт хавдар байж болох юм. Хэрэв юм идсэний дараа дүүрэх мэдрэмж хурдан төрж байгаа бол мөн үүнийхээ хажуугаар хэдэн долоо хоногийн турш бэлхүүс орчмоор таагүй мэдрэмж төрж байгаа бол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлнэ үү.
2. Эмэгтэйн сарын тэмдэг тогтворгүй болох
Сарын тэмдэг оройтох эсвэл эрт ирэх нь нэн даруй эмэгтэйчүүдийн эмнэлэгт очих шалтгаан юм! Энэ шинж тэмдэг нь хорт хавдар болон бусад ноцтой өвчнүүдтэй холбоотой байж болно. Жишээ нь, умайн дотровчийн өвчин.
3. Гэдэс болон бага аарцагны орчим өвдөх
Бага аарцагны орчмоор байнга өвдөх нь өндгөвчтэй холбоотой асуудал үүссэнийг илтгэдэг учир яаралтай эмчид хандах хэрэгтэй.
4. Эрэгтэйн нурууны тасралтгүй өвдөлт
Түрүү булчирхай болон бүдүүн гэдэсний хорт хавдрын үед нуруугаар үргэлж өвддөг. Мэдээж хэрэг сандраад хэрэггүй: нуруу өвдөх маш олон шалтгаан байдаг учир ямар ч үед үзлэгт ороход илүүдэхгүй гэдгийг санаарай.
5. Эрэгтэйн төмсөг өөрчлөгдөх
Тогтмол өөрийгөө шинжлэх нь төмсөгний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусална. Үргэлж энэ хэсгээ ажиглаж өнгө, хэлбэр, байрлалын өөрчлөлт гарсан эсэхийг ажиглаж байгаарай.
6. Эрэгтэйн цавь болон гуяны орчим өвдөх
Энэ хэсгийн архаг өвдөлт, хаван нь булчирхайн болон төмсөгний хорт хавдрын үед илэрдэг шинж тэмдэг юм.
7. Эрэгтэй, эмэгтэйн байнгын ханиалга
Уламжлалт эмчилгээгээр эмчлэгддэггүй үргэлжилсэн, бүгшүүлсэн ханиалга нь үзлэгт яаралтай орох хэрэгтэйг илтгэнэ. Энэ нь хавдрын эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн үг биш ч уушгины сүрьеэ байж болох юм.
8. Эрэгтэй, эмэгтэйн жин гэнэт багасах
Хэрэв та жингээ хасахаар зориогүй байхад шалтгаангүйгээр жин тань огцом буураад байвал бамбай булчирхайгаа хамгийн түрүүнд үзүүлээрэй. Энэ шинж тэмдэг нь дааврын том өөрчлөлттэй холбоотой байж болно. Гэвч уушги, нойр булчирхай, ходоод, улаан хоолой зэрэг зарим эрхтний хорт хавдрын үед ч бас энэ шинж тэмдэг илэрдэг.
9. Эрэгтэй, эмэгтэйн хөхний өөрчлөлт
Хөхний хавдар зөвхөн эмэгтэйчүүдэд үүсдэггүй! Эрчүүдэд маш ховор тохиолддог: хөхний хорт хавдартай хүмүүсийн 1%-ийг л эзэлдэг. Хавдрын эмч нарын зөвлөж байгаагаар эрчүүд энэ хэсэгт гарах ямар ч өөрчлөлтийг хайхралгүй өнгөрөөж болохгүй гэж байна.
10. Эрэгтэй, эмэгтэйн тунгалгийн зангилааны өөрчлөлт
Тунгалгийн тогтолцоо бол бидний биеийн тусгал юм. Энгийн ханиад ч булчирхай томроход нөлөөлдөг! Хэрэв булчирхайн хавдар сарын хугацаанд алга болохгүй бол заавал цусны шинжилгээ өгөөрэй.
11. Эрэгтэй, эмэгтэйн арьсан дээрх өөрчлөлт
Арьсны хорт хавдрын үед хүмүүс ихэнхдээ хэтэрхий оройтож эмнэлгийн тусламж авдаг. Энэ бол үхэлд хүргэх аюултай өвчнүүдийн нэг юм. Бие дээрх бүх мэнгээ тогтмол шалгаж бай: өнгө, хэлбэр нь өөрчлөгдөж үү, цус хурж уу, томорч уу. Эрт оношилгоо нь амь насыг тань аварна!
12. Эрэгтэй, эмэгтэйн аман доторх өөрчлөлт
Амны салст болон хэлэн дээр шарх эсвэл цагаан толбо гараад арилахгүй байгаа бол хавдрын эрт үеийн шинж тэмдэг юм.
13. Эрэгтэй, эмэгтэйн шалтгаангүй архаг ядаргаа
Хэрэв та өглөөнөөс орой болтол ажил дээрээ байж харин орой нь интернэт ухаж суудаг бол асуух зүйл алга. Хэрэв ямар ч шалтгаангүйгээр сульдаж ядарч байгаа бол өөр хэрэг. Архаг ядаргаа нь цусны хорт хавдрыг оношлох чухал шинж тэмдэг юм.
Энэ нийтлэлийн гол зорилго бол та бүхнийг айлгах биш харин анхааруулах явдал юм. Биед гарах бяцхан өөрчлөлтийн хариуд бидний бие түгшүүрийн дохио өгдөг. Гол нь үүнийг үл тоомсорлож болохгүй бөгөөд цаг тухайд нь тусламж авах хэрэгтэй юм.
Гэр бүл, найз нөхдийнхөө эрүүл мэндэд анхаарч энэ нийтлэлийг бусдад түгээгээрэй!