in

Турахыг хүсэж буй хүмүүсийн гаргадаг нийтлэг 7 алдаа: Хоолны мэргэжилтнүүд таны цаг, мөнгийг хэмнэх үнэт зөвлөгөөг өгч байна

Интернетээс жингээ хаях тухай хангалттай их зөвлөгөөнүүдийг олж болно. Гэвч ихэвчлэн эмх замбараагүй, зөрчилтэй мэдээллүүд байдаг нь асуудал болж байгаа юм. Тиймээс л сүүлийн үед “дасгалжуулан тураагч” буюу хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн ажил өргөн дэлгэрч байгаа билээ. Ийм мэргэжилтнүүдийн үйлчилгээ ихэвчлэн маш үнэтэй байдаг гэдгийг та мэднэ биз ээ.

Бид зөвлөгөө хайх цаг завыг тань хэмнэхийн тулд тураах мэргэжилтнүүд болон хоолны мэргэжилтнүүдийн зөвлөгөөг цуглуулан хүргэж байна.

Та хангалттай иддэггүй

Илүүдэл жингээ богино хугацаанд хасахыг хүсдэг хүмүүсийн ихэнх нь энэ алдааг гаргадаг. Хэрэв та өдөр бүр спортоор хичээллэж 2500 калорийг шатаадаг боловч ердөө 1200 калоритой хүнс хэрэглэдэг бол таны бие махбодь энерги нөөцлөхийн тулд “өөх хуримтлуулах” шаардлагатай болно. Ингэхдээ бодисын солилцоог удаашруулж булчингийн масс хуримтлуулахад илүү хэцүү болгох болно.

Юу хийх хэрэгтэй вэ? Идэхээс бүү ай. Тавгаа эрүүл хоолоор дүүргэ: жимс, ногоо, бүхэл үрийн хүнс. Биед тустай өөх тосноос татгалзалгүй уураг хэрэглэ: ургамлын тос, авокадо, самар, үр. Мөн навчит ногоо, салат хэрэглээрэй. Хэрэв та эрүүл хоолоор цадвал танд түргэн хоол идэх хүсэл төрөхөө болино.

Та зөвхөн кардио дасгал хийдэг ба булчингийн массаа хангалттай нэмдэггүй

Энэ бол эмэгтэй хүн бүрийн нийтлэг гаргадаг алдаа юм. Кардио нь илүүдэл жинг багасгахад тусалдаг гэвч эдгээр дасгалууд булчингийн масс нэмэхэд огт тусалдаггүй. Хүнд жинтэй тоног төхөөрөмж нь бодисын солилцоог хурдасгахад тусална. Үүний ачаар таны бие дасгал дууссанаас хойш удаан хугацаагаар илүүдэл өөхөө шатаах болно.

Юу хийх хэрэгтэй вэ? Хэрэв танд шууд хүнд тоног төхөөрөмж өргөхөд хэцүү байгаа бол дасгалууд дээрээ 20 минутын өөрийн биеийн хүчний дасгалуудыг нэмж өгөөрэй: суулт, суниалт, таталт. Илүү хүчтэй болох тусмаа ачааллаа нэмэх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Та өөртөө “хоолны дэглэм” барьж байгаа гэж итгүүлж амьдралын хэв маягаа түр зуур л өөрчилдөг

Хоолны дэглэм барина гэж шийдсэн хүмүүс турахаасаа өмнө шантардаг. Тэд амжилтад хүрсэн ч дараа нь яахаа мэддэггүй. Тиймээс цаг хугацаа өнгөрөхөд энгийн амьдралдаа эргэн орж дахин жин нэмдэг.

Юу хийх хэрэгтэй вэ? Турахад сэтгэл зүйн байдал маш чухал байдаг. Тиймээс өөрийн ярианаасаа “хоолны дэглэм” гэдэг үгийг хас. Та өөрийгөө зөвхөн өөрт тохирсон дасгал, хооллолтын туршилтанд орж байгаа гэж бод. Хүссэндээ хүрэхэд их хугацаа орно гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж байгаа гэдгээ ойлго. Гол нь үүнээсээ давуу талыг нь олж харж таашаал авах хэрэгтэй. Зөвхөн ийм аргаар л та асуудлыг даван туулж чадах болно.

Та дэмжлэг олж авж чаддаггүй

Ганцаараа турж байгаа хүмүүс илүүдэл жингээ хаяхаар шийдсэн бүлэг найзууд эсвэл гэр бүлийн дэмжлэгтэй хүмүүсийг бодвол амжилт олох нь илүү бага байдаг аж. Таны гэр бүлийнхэн эсвэл дотны хүмүүс өөрчлөлт хийхийг хүсэхгүй эсвэл таныг дэмжихгүй бол амьдралын шинэ хэв маягаар амьдрах хэцүү байх болно шүү дээ.

Юу хийх хэрэгтэй вэ? Хамтдаа хүчээ нэгтгэх гэр бүлийн хүн эсвэл найзаа хайж ол. Хэрэв таны хажууд турахыг хүсдэггүй хүн байдаг бол өөрийн зорилгоо дотны хүмүүстэйгээ хуваалцаж дэмжлэг хүс. Шаардлагатай бол бие биенээ интернетээр бодитоор дэмждэг маш олон онлайн бүлгэмүүд байдаг юм шүү.

Та тодорхой зорилго тавьдаггүй

Хэрэв та өөртөө турах зорилго тавьбал амжилт олохгүй байх магадлал маш өндөр. Амжилтын нууц бол том зорилгуудад хүрэхэд хялбархан жижиг зорилт болгож задлах юм. Таны зорилго тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжүүлэх боломжтой, хугацаагаар хязгаарлагдсан байх ёстой.

Юу хийх хэрэгтэй вэ? Хэрэв та жишээ нь 10 кг хаяхыг хүсэж байгаа бол энэ зорилтоо жижиг алхмуудад хуваа. Жишээ нь, жингээ хасах эхний сард энгийн нүүрс усны хэрэглээгээ (төмс эсвэл гоймон гэх мэт) 2 дахин багасгаж оронд нь навчит ногоо хэрэглэж өдөрт 8 аяга ус ууж долоо хоногт 4 цаг дасгал хий.

Та нэг дасгалд хаясан нийт калорио дутуу үнэлдэг

Ихэнх хүмүүс сайн дасгал сургуулилт нь “муу” хоолны сөрөг нөлөөг багасгах чадвартай гэж боддог. Хүнд хэцүү дасгал хийсний дараа өөрийгөө амттанаар шагнахыг маш их хүсэж магадгүй ч биеийн тамирын заалан дахь амжилтаа дутуу үнэлэх хэрэггүй.

Юу хийх хэрэгтэй вэ? Биеийн хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхийн хэрээр хоолны дуршил нэмэгддэг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тавагныхаа хэмжээ болон доторх хүнснийхээ хэмжээг хянахаа мартаж болохгүй шүү.

Та тууштай байж чаддаггүй

Энэ бол турахдаа гаргадаг хамгийн түгээмэл алдаануудын нэг юм. Та зөвхөн дасгалаа тогтмол хийж, хоол хүнсэндээ анхаарсан тохиолдолд л илүүдэл жингээ хасах боломжтой.

Юу хийх хэрэгтэй вэ? “Нэг долоо хоногийн завсарлага” гэдэг уруу таталтын эсрэг зогсох хэрэгтэй. Учир нь энэ нь таныг замын тань эхэнд буцаан авчирна шүү дээ. Жижиг амжилтандаа хууртаж ачааллаа нэмэх хэрэггүй.

Амжилттай жин хасалт бол эрүүл жин хасалт юм гэдгийг санах хэрэгтэй. Таны зорилго бол бэлхүүсээ нарийсгах биш харин эрүүл болох юм шүү. Тиймээс таныг хоёрхон өдрийн дотор гоолиг болгох шидэт эм байхгүй гэдэгтэй эвлэр. Турах гэдэг бол хэцүү ажил. Гэхдээ энэ үйл явцыг зөв зохион байгуулбал танд таашаал мэдрүүлж таны амьдралын хэв маягийг өөрчлөх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *