Таны гэрлэлт хэр удаан үргэлжлэхийг мэдмээр байна уу? Хувийн амьдралд тань бэрхшээл тулгарах эсэх, хэдэн хүүхэдтэй болох? Эдгээрийн хариултыг таны алганы хээгээр хэлж болно гэж алганы хээ судлаачид үзэж байна.
Алганы хээ бүхнийг илэрхийлнэ, үүний дотроос таны гэрлэлтийн байдлыг тодорхой хэлэх ажээ. Алганы аль хэсэгт гэрлэлтийн хээ байдаг вэ? Чигчий хурууны доохно байрлах хээ – та зурагнаас харна уу.
Анхаар: хэд хэдэн хээ байж болно, энэ нь олон удаагийн гэрлэлт гэж шууд ойлгож болохгүй. За, дэс дараатайгаар танилцуулгадаа оръё.
Хэрхэн таах вэ?
Хэрвээ та баруун гараараа бичдэг бол баруун гараараа таана, солгой бол зүүн гараараа таана.
Алганы хээ судлалд гэрлэлтийн хээ нь гэрлэлтийг бус эсрэг хүйсийн хүнтэй хэрхэн харилцахыг тодорхойлдог гэж үздэг. Чигчий хурууны доор байх зурааснууд нь хэдэн хүнтэй хайрын харилцаа холбоо тогтоохыг илтгэнэ. Гэрлэлтийн хээний утга – хайр дурлалын харилцаа, үргэлжлэх хугацаа, зан чанар, үйл явцыг илэрхийлнэ. Урт, тод, өргөн, онцгой тэмдэг зэргийг мөн анхаарах ёстой.
Зураасны шинж чанар
Гэрлэлтийн хээ урт бол он удаан жил үргэлжлэх харилцааг илэрхийлнэ. Хэрвээ богино бол харилцаа богино байна гэсэн үг, гэхдээ аз жаргалгүй гэсэн үг биш шүү.
Өргөн, тод байх нь аз жаргалыг илтгэнэ. Хэрвээ хээ нь маш гүн, тод байвал та үнэхээр аз жаргалтай нэгэн ажээ.
Хэрвээ гэрлэлтийн хээ нь дөнгөн данган мэдэгдэх төдий, нарийхан байвал уг харилцаа нь эмзэг болохыг илтгэнэ.
Онцгой тэмдэг
Алганд байгаа онцгой тэмдгээр харилцааг тодорхойлох боломжтой:
- Хэрвээ гэрлэлтийн зураас нь зүрхний зураастай огтлолцож байвал – муугийн тэмдэг. Бэлэвсрэхийг илэрхийлэх ажээ.
- Гэрлэлтийн зураас нь доош яваад оюун ухааны зураастай нийлж байвал хурц, ширүүн харилцааг илэрхийлнэ.
- Гэрлэлтийн зураас дээр од байвал аз жаргал, үнэнч хайр, хүндлэлийг илэрхийлнэ.
- Гэрлэлтийн зураас төгсгөл рүүгээ салаалсан бол салахын шинж.
- Хэрвээ энэ зураас дээр “арлууд” байвал харилцаа нь байнгын хэрүүл уруултай, эсрэг хүйстэнтэйгээ санал зөрдөг болохыг илтгэнэ.
- Хэрвээ зураас тасраад үргэлжилж байгаа бол харилцаа нь дуусаад, эргэж сэргэдэг болохыг илтгэх ажээ.
Хүүхэд
Гэрлэлтийн зураасаар мөн хүүхдийн тоог мэдэж болно.
Гэрлэлтийн зураас дээрх босоо салаалсан зураас нь хүүхдийн тоог илэрхийлнэ.
Урвалт, салалт
Гэрлэлтийн зураастай зэрэгцээ хөндлөн зураас байгаа бол өөр харилцаа байгааг илтгэнэ, гэхдээ энэ нь өмнөх эсвэл дараагийн харилцааг ч илтгэж болох юм. Одоогийн гэр бүлийн харилцаанд хөндлөнгийн хүн орж ирэх эсэхийг гэрлэлтийн зураас дундуур өөр босоо зураасаар мэдэж болно. Өөрөөр хэлбэл, гэрлэлтийн зураас дундуур долгиотсон бүдэг зураас байвал үнэнч бус харилцаа үүсэхийн тэмдэг.
Хэрвээ гэрлэлтийн зурааснаас доош салаалсан богино зураас (хүүхдийн зураастай андуурч болохгүй) нь гэр бүлийн амьдрал эсвэл харилцаанд сэв суухыг илтгэнэ.
Энэхүү зураас дээр загалмай харагдвал уг харилцаа үргэлжлэх боломжгүйг илэрхийлэх бөгөөд салалтаар төгсөх ажээ.