ХЭД ХЭДЭН НАСАНД ЖИЛ ОРДОГ ВЭ?
1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насан дээр жил ордог. Эдгээр нас нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Нэг насан дээрээ хүн төрдөг учраас амьдрах уу, үхэх үү гэдэг нь шийдэгддэг нас. 13-ны жил тохиолдохоор хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тэр нь газар лустай хамааралтай.
Тиймээс 13-ны жил орж байгаа хүүхдийг догшин газар, найр хуримд дагуулж явахгүй байх, эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй. 25-ны жил орж байгаа хүн яг сургуулиа төгсөөд ажилд орох гээд байр сууриа олоогүй явдаг. 25-ны жилийг зурхайн ном дээр “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг.
Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил. 37-ны жил чанга жил. 37-ны жил дээр бие өвдөх, гарз гарах шинж илэрдэг. Мөн энэ жил дээр мэнгэ голлодог учраас хатуу талдаа. 49-ний жилийг зурхайн ном дээр “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөтөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай.
Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. 61-ний жил нь нэг настай хүнтэй адилхан. Тиймээс үхэх үү, амьдрах уу гэдэг нь шийдэгдэх учраас амь насны тал дээр анхаарч Цэнд зэрэг амь насны номыг уншуулж байх хэрэгтэй. 73-ны жил нь 13-ны жилтэй, 85-ны жил нь 25-ны жилтэй ижил байдалтай байна.