Амьдралын эрүүл хэв маяг баримталдаг эмэгтэйчүүд зөв хооллолт ямар чухал болохыг мэддэг. Өдрийн турш бидний бие махбодь хэвийн ажиллахын тулд амин дэм шаардана.
Зарим нэг төрлийн амин дэм дутагдсанаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, муугаар хэлэхэд эрүүл мэндээрээ хохирч болно.
Тиймээс өөрт шаардлагатай амин дэмийг хоол хүнсээрээ дамжуулан авахыг зөвлөж байна.
Бидний эрүүл мэндэд нэн тустай 10 амин дэмийг танилцуулахын зэрэгцээ ямар хоол хүнсэнд ихээр агуулагддаг болохыг танилцуулъя.
А амин дэм
Уг амин дэм нь маш хүчтэй антиоксидант – булчин, арьс, ясны эсийг бэхжүүлнэ. Таны шүд, хараанд нэн хэрэгтэй.
Үүнээс гадна хөгшрөлтийн явцыг удаашруулах, архаг өвчний эрсдэлээс хамгаална. А амин дэмийг улаан лооль, байцаа, өндөг, брокколи, папай, сүү, чангаанз, тарвас, бууцай болон улаан чинжүүнээс авч болно.
В7 амин дэм
Мөн биотин гэх нэрээрээ түгээмэл. Эсийн үржилд нэн чухал. Хумс, үс хугарамтгай болох зэрэг нь уг амин дэмийн дутагдлыг илтгэнэ. Уг амин дэмийг зохих хэмжээгээр авч чадвал таны үсний ургалт, өнгө нь сайжраад л ирнэ.
Сүү, бор будаа, өндөгний шар, самар, тараг, бяслаг, ногоон навчит ногоо болон канталуп зэрэг нь В7 амин дэм ихээр агуулдаг.
В6 амин дэм
Мөн пиридоксин хэмээдэг. Дархлааны системийг дэмжиж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ.
Үүнээс гадна жирэмсэн эхчүүдэд нэн хэрэгтэй амин дэм, өглөөний дотор муухайрлыг арилгадаг байна. Энэ амин дэмээр баялаг хүнс – гадил, загас, овьёос, шош, хатаасан жимс, самар, авокадо, мах.
В2 амин дэм
В2 амин дэм буюу рибофлавин нь бодисын солилцоог дэмжинэ, өсөлтөнд маш ихээр нөлөөлнө. Мөн стресс, түгшсэн сэтгэлийг тайвшруулахад нөлөөлдгөөс гадна эрч хүчээр сэлбэнэ.
Арьс хуурайшиж загатнах, үс хуурайших, хоолойн өвчин, уруул хагарах болон үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Бүхэл үрийн гурил, самар, шош, буурцаг, бяслаг, сүү, хөөлгөгч, өндөг болон навчит ногоонд ихээр агуулагдана.
В12 амин дэм
Эс хэвийн хуваагдах болон бодисын солилцоонд нөлөөлнө. Цус багадалт, зүрхний өвчлөл, депресс болон ой санамж муудах тохиолдолд нэн хэрэгтэй амин дэм.
Өндөг, загас, бяслаг, тараг, сүү болон баяжуулсан үр тарианд ихээр агуулагдана.
В9 амин дэм
Фолийн хүчил гэдгээрээ олноо илүү танил. Цусны даралт тогтворжуулна, зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Альцгеймерийн өвчтэй хүмүүст нэн хэрэгтэй, депрессээс гарах эмчилгээнд өргөн ашигладаг.
В9 амин дэмээр баялаг хүнс – бөөрөлзгөнө, навчит ногоо, хулуу, үр тариа, спаржа, жүржийн шүүс, өндөг, шош.
С амин дэм
Эсийн хөгжилд сайнаар нөлөөлнө, хавдрыг тодорхой шатанд нь зогсооно. С амин дэм нь киви, гүзээлзгэнэ, нимбэг, чинжүү, төмс, грейпфрут, жүрж, бялзууухай самранд ихээр агуулагддаг.
Д амин дэм
Хүний биед кальци болон өөр бусад эрдэс бодисыг шимэгдүүлэхэд нэн хэрэгтэй амин дэм. Артрит болон склероз үүсэхээс хамгаална.
Наранд 15 минут байхад та өдрийн хэрэгцээний Д амин дэмээ авч чадна. Д амин дэмийг загас, өндөгнөөс авах боломжтой.
Е амин дэм
Хөгшрөлтийн явцыг удаашруулна, ой санамжаа алдах, сонсголын асуудлаас хамгаалахаас гадна хавдрын хөгжлийг таслан зогсооно. Энэ амин дэмээр баялаг хүнс – наранцэцгийн үр, бууцай, самар, газрын самрын тос, эрдэнэ шишийн тос, маргарин, самар, сагамхай.
К амин дэм
Цус бүлэгнэлд оролцох бөгөөд ясыг бэхжүүлдэг. Зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ, эрч хүчээр сэлбэнэ. Бүхэл үрийн гурил, навчит ногоо, загасны тос болон буурцагны тосонд ихээр агуулагддаг.