in

Аль болох ойр ойрхон угааж цэвэрлэж, шинээр сольж, ариун цэврийг маш сайн сахиж байх хэрэгтэй хувийн 8 эд зүйлс

Бие угаагч, шүдний сойз гэх мэт ариун цэврийн хэрэгслүүдийг ойр ойрхон сольж байх хэрэгтэй гэдгийг бид сайн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ хангалттай олон удаа сольж чадаж байна уу?

Энэ талаар мэргэжилтнүүд юу гэж зөвлөдгийг бид танд одоо хүргэх гэж байна.

 

Сам

Самыг солих хугацаанд олон төрлийн хүчин зүйл (үсний самны чанар, материал, үсний төрөл болон бусад хүчин зүйлс) нөлөөлдөг боловч арьсны эмч нарын зөвлөж буйгаар бол та самаа 6-12 сар тутамд сольж байх хэрэгтэй ажээ. Самаа ойр ойрхон сольж байхаас гадна самны арчилгааны үндсэн дүрмүүдийг мартаж болохгүй. Үүнд самаа долоо хоногт ядаж 1 удаа заавал угааж байх, хэрэглэж дууссаныхаа дараа самнаас үс болон бусад наалдсан зүйлсийг байнга авч хэвших гэх мэт орно.

 

Шүдний сойз

Энэ хэсэгт тайлбар илүүц биз. Амны хөндийн ариун цэврийг сахихын тулд 3-4 сар тутамд 1 ба түүнээс дээш удаа шүдний сойзоо сольж байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Ялангуяа хүүхдүүд, дархлааны хамааралтай өвчтэй болон амны хөндийн өвчлөлтэй хүмүүс аль болох ойр ойрхон шүдний сойзоо сольж байх нь зүйтэй. Хэрвээ өвдсөн тохиолдолд эдгэрсэн даруйдаа хуучин шүдний сойзоо хаяж, шинээр сольж байх хэрэгтэй.

 

Бие угаагч

Танд таагүй нэгэн мэдээ дуулгахад арьсны эмч нар бие угаагч мэтийн иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнүүдийг огт хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Учир нь эдгээр төрлийн бүтээгдэхүүнүүд хортой бичил биет үржих таатай орчинг бүрдүүлдэг байна.

Хэрвээ та бие угаагчгүйгээр усанд орж чадахгүй гэж үзэж байгаа бол дараах хэдэн дүрмийг тогтоож аваад хэрэгжүүлээрэй.

  1. Бие угаагчаа өдөр бүр хатааж байх.
  2. Үсээ хуссан даруйдаа тухайн хэсэгтээ бие угаагч хүргэхгүй байх.
  3. Нүүр болон эмзэг эрхтнээ бие угаагч ашиглан угаахгүй байх.
  4. Долоо хоногт 1 удаа бие угаагчаа угааж цэвэрлэж байх.
  5. Синтетик материалаар хийсэн бие угаагчийг 2 сард 1 удаа, натурал материалаар хийгдсэн бие угаагчийг 3-4 долоо хоногт 1 удаа тус тус сольж байх.

 

Ор дэрний цагаан хэрэглэл

Жирийн хүн өдөр бүр, унтаж байхдаа 250 мл орчим хөлс ялгаруулдаг. Үүн дээр арьсны үхэжсэн хэсэг, тоосны хачиг, янз бүрийн мөөгөнцөр зэргийг нэмээд тооцвол унтдаг ор тань таны бодож байгаа шиг тийм ч цэвэрхэн, таатай газар биш юм. Тиймээс л мэргэжилтнүүд цагаан хэрэглэлээ долоо хоногт ядаж 1 удаа угааж, цэвэрлэж, сольж байхыг зөвлөдөг. Хэрвээ та нүцгэн унтдаг бол эсвэл унтахынхаа өмнө усанд орохоос залхуурдаг бол илүү олон удаа солих хэрэгтэй.

 

Сахлын хутганы ир

Шуудхан хэлэхэд сахлын хутганы ирийг мохож эхэлсэн даруйд нь солих хэрэгтэй. Угаалгын өрөөнд байгаа бусад эд юмсын адилаар сахлын хутганд арьсны үхэжсэн хэсгүүд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн үлдэгдэл хуримтлагдаж үлддэг. Эдгээр нь арьсанд хүрснээр арьсыг цочроодог (сахал, үсээ хуссаны дараа арьсан дээр үүсдэг улаан цэгүүдийг санаарай!). Тиймээс мэргэжилтнүүд сахлын хутганы ирийг 5-7 удаа хэрэглээд сольж байхыг зөвлөдөг. Сахлын хутганы хэрэглэх хугацааг уртасгая гэвэл час халуун усаар зайлж байх ёстой ба хуурай газар хадгалах хэрэгтэй.

 

Биений алчуур

Бид усанд орсныхоо дараа биений алчуур ашигладаг боловч алчууран дээр арьсны үхэжсэн эсүүд, арьсны бичил биетүүд үлддэг. Эдгээр үхэжсэн эсүүд, бичил биетүүд нь угаалгын өрөөний өндөр чийгшилтэй нөхцөлд маш хурдан үржиж тархдаг. Тиймээс мэргэжилтнүүд 3-4 удаа удаа хэрэглээд биений алчуураа угааж байхыг зөвлөдөг.

 

Гарын алчуур

Гараа тогтмол, бүрэн гүйцэд угаах нь хувийн ариун цэврийн үндсэн зарчмуудын нэг. Тэрчлэн гараа хэрхэн хатааж байгаа нь ч мөн адил чухал зүйл юм. Биений алчуурыг бодвол гарын алчуурыг олон хүн, олон удаа ашигладаг болохоор аль болох олон удаа сольж, угааж байх ёстой (олон гишүүнтэй гэр бүлд бол өдөр бүр). Эсвэл цаасан алчуур ашиглаж байх нь зүйтэй. Эмч нарын үзэж буйгаар бол цаасан алчуур ашиглах нь эрүүл ахуйд нийцэх, гар хатаах хамгийн зөв арга гэнэ.

 

Нүүрний алчуур

Биеийн арьсыг бодвол нүүр, хүзүүний арьс хамгийн эмзэг байдаг учраас нүүрний тусдаа алчууртай байх, алчуураа ойр ойрхон сольж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ер нь бол өдөр бүр нүүрний алчуураа угааж, сольж байх хэрэгтэй. Гэвч хэрвээ та өдөр бүр угаалга хийхийг хүсэхгүй байгаа бол нүүрний алчуурны оронд нүүрний хөвөн эсвэл цаасан алчуур ашиглаж болно. Цэвэрхэн, бас их хүч хөдөлмөр, саван, угаалгын нунтаг зарцуулахгүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *