in

Гадаад хэл сурах нь ямар ашигтай бас давуу талтай вэ? Яг одооноос сурч эхлэхэд оройтоогүй шүү!

Гадаад хэл сурах нь зөвхөн залуу насанд л сурах эрдэм гэж боддог байлаа. Үнэндээ тийм биш ажээ. Танд санаачлага, хичээл зүтгэл байхад л болно. Хэрвээ санаачлага, идэвхи дутагдаад байвал шинжлэх ухаанаар нотлогдсон дараах 8 ашигтай, давуу тал таныг хөдөлгөж чадна гэж найдаж байна.

Төрөлх хэлний мэдлэг дээшилнэ

Гадаад хэл сурахад өөрийн төрөлх хэлний үнэ цэнийг мэдэрч эхэлдэг. Багаасаа ярьж сурсан болохоор эх хэлнийхээ бүтэц, гайхамшгийг анзааралгүй хоцорсон байдаг.

Канадын хэсэг эрдэмтдийн судалгаагаар хоёр дахь хэл сурах нь төрөлх хэлний үгийн сан, дүрэм, ярих чадварыг нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ. Үүнийг дараах нөхцөл байдалтай зүйрлүүлэн тайлбарлаж болно: жишээ нь та сагсан бөмбөг тоглодог байж байгаад волейбол тоглож сурчээ. Волейбол тоглож сурсан эрдмээ сагсан бөмбөг тоглохдоо ашиглаж улам илүү тоглодог болно.

Анхаарал төвлөрөл сайжирна

Америкийн эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Хэд хэдэн хэлээр ярьдаг хүмүүст үгийг ойлгох даалгавар өгөхдөө соронзон томографикаар ажиглалт хийсэн байна. Олон хэлээр ярьдаг хүмүүс нь зөвхөн нэг хэл дээр ярьдаг хүмүүсээс даалгаврыг биелүүлэхдээ адил утга, төстэй үгийг анхааралтай бодож үзэж байв.

Энэ нь гадны нөлөөллийг хааж тавьсан даалгаварт анхаарал хандуулж байгааг илтгэж байна гэж эрдэмтэд үзжээ. Хоёр дахь хэлний өчүүхэн мэдлэг ч гэсэн үүнд нөлөөлдөг болохыг мөн судалгаагаар тогтоожээ.

Тархины зарим нэг өвчлөлийг таслан зогсооно

Хөгшрөлтөөс хэн ч, хаашаа ч зайлахгүй. Шинэ хэл үзэх нь тархины зарим нэг өвчлөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн явцыг удаашруулахад нөлөөлдөг ажээ. Жишээ нь Альцгеймерийн өвчлөл 4-5 жилээр удааширна. Харин орчин үеийн анагаахын шинжлэх ухаан ийм үр дүнтэй эм одоогоор гаргаж чадаагүй л байна. Хэд хэдэн хэлээр харилцах нь тархин дахь мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлдэг буюу мэдээллээ боловсруулахын тулд тархины олон сувгийг идэвхтэй ажиллуулж нээдэг ажээ.

Математикийн чадвар нэмэгдэнэ

Америкийн гадаад хэл сургалтын зөвлөлийн 2007 оны судалгаагаар гадаад хэл сурч байгаа хүүхдүүдийн тооны хичээлийн дүн гадаад хэл үздэггүй, гэхдээ тооны хичээл илүү цагаар авч байсан хүүхдүүдийн дүнгээс илүү өндөр байсныг тогтоожээ.

Гайхах зүйлгүй, гадаад хэл үзэх нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг байна. Гадаад хэлний үг цээжлэх элдэв техник нь математикийн хүнд томьёонуудыг ойлгож тогтооход илүү хялбар болгодог ажээ.

Хурдан суралцдаг болно

Гадаад хэл сурахад шинэ мэдээ, мэдээлэл хүлээж авах чадвар нэмэгддэг. Энэ нь сургалтын хугацааг богиносгоход нөлөөлдөг байна. Хэд хэдэн хэл эзэмшсэн хүн олон асуудлыг шийдэх чадвартай байдаг ажээ.

Та илүү нийтэч болно

Сурч байгаа гадаад хэлээрээ чөлөөтэй ярьж сурахын тулд төрөлх хэл нь болсон гадаад хүнтэй харилцах хэрэгтэй. Яг л дугуй унаж сурч байгаатай адил. Дугуй унаж сурахын тулд видеогоор хичээл үзээд суухаас гадна суудалдаа сууж дөрөөгөө жийх хэрэг гарна.

Шинэ хэл үзнэ гэдэг шинэ ертөнцийг өөртөө нээж байгаа гэдгийг та мэднэ дээ.

Сэтгэн бодох чадвар хөгжинө

Хэн нэгэнтэй гадаад хэлээр ярихдаа хэлж байгаа өгүүлбэрээ зөв, ойлгомжтой хэлэхийн тулд та олон үгнээс тохирох үгийг сонгох, өгүүлбэрийн бүтцийг зөв байрлалд оруулах гээд олон даалгаврыг нэг дор гүйцэтгэх хэрэгтэй болдог.

Энэхүү үндэслэлийн дагуу хэд хэдэн хэлээр ярьдаг хүн нэг хэлээр ярьдаг хүнээс сэтгэн бодох чадвараараа илүү хөгжсөн байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Өөртөө итгэлтэй болно

Ямар нэгэн ажил эхлүүлж амжилтад хүрэхэд өөртөө улам итгэлтэй болдог. Сурч байгаа гадаад хэлээрээ богинохон ч гэсэн цөөн хэдэн өгүүлбэр хэлсний дараа та өөртөө баярлах болно. Урьд өмнө нь боломжгүй мэт санагддаг байсан зүйлийг би хийж чадлаа гэх урам зориг орно.

Цаг хугацааны эрхэнд энэ мэт урам зориг нэмэгдсээр та амьдралдаа улам л итгэлтэй болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *