2016 онд Данийг дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодруулсан. Данийн иргэн Малин Рюдаль “Даничуудын адил аз жаргалтай болох нь” номондоо өөрийн улс орны аз жаргалтай байх зарчмыг тодорхойлж бичжээ.
Энэ удаад Данийн сургалтын системийн талаар танилцуулахаар бэлдлээ. Хүүхдүүд өөрийгөө хувь хүний хувьд нээх, амьдралд өөрийнхөө орон зайг олоход туслах тэрхүү сургалтын системийг сонирхоцгооё.
Мундаг байх нь чухал биш
Данийн сургалтын систем нь тест амжилттай бөглөх боловсрол олгоход бус харин аливаад сонирхолтой байх, өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадварыг олгоход чиглэдэг байна.
Сургуулийн гол зорилго бол сурагч болгон өөрийгөө үнэлж чаддаг, өөртөө итгэлтэй болж төлөвшүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, үүнд сургалтын дүн огт хамаагүй, хүүхэд нийгэмд эзлэх өөрийн байр суурийг ойлгосон, өөрийн дуртай ажлаа хийж нийгэмд ямар нэгэн ашиг тус оруулахыг ухамсарлан ойлгоход чиглэдэг ажээ.
Сургалтын хөтөлбөр эдгээр чадварыг олгоход чиглэсэн байх бөгөөд хүүхдүүд аажимдаа энэхүү чадварыг олж авдаг байна. Данийн сургалтын системээс “хасагдсан” хүүхэд гэж байдаггүй. Сургалт нь зөвхөн шилдэг хүүхэд дээр төвлөрөхгүй бүх хүүхдэд жигд хүрч ажилладаг.
Өөрөөрөө байж сурах нь уншиж, бичиж чаддаг шиг чухал зүйл
Данийн сургалтын хөтөлбөрийн эхний зорилго бол хүүхдийг хувь хүн болгон хүмүүжүүлэхэд оршдог. Энэ ч бас учир утгатай: анхан шатны боловсрол олгох сургуулиудын үүргийг хуульчлан заасан буюу суурь боловсрол олгохоос гадна хүүхдийг хувь хүний хувьд хөгжүүлэх ёстой гэсэн үзэл баримтлалыг тусгажээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэд хэдэн үүрэг хүлээдэг: хүүхдийн үгсийн санг нэмэгдүүлэх, сургуулийн дүрэм журамтай танилцуулах, нийгэмд амьдрах анхан шатны ойлголтыг өгөх.
Дан номоор явахыг таашаахгүй
Сурагчид мэдээллээ өөрсдөө олж авахыг эрхэмлэнэ – туршилт хийж, олж авсан эх сурвалжаа өөрсдөө дүгнэнэ.
Багшийн заасан хичээлийг хоосон сонсож суухаар явж үйл явдалд оролцохыг илүүд үзнэ.
Багшийн дэвшүүлсэн баталгаа, нотолгоонд эргэлзэж өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхэд сургана. Ингэснээр хүүхэд өөрийгөө нээж нийгэмд өөрийнхөө байр суурийг олоход тусалдаг байна.
Нийгэмд эрэлт хэрэгцээтэй, бүтээмжтэй, санаачлагатай, сэтгэн бодох чадвартай байхыг эрхэмлэхээс бус хичээлийн ном дээр бичсэнийг цэг, таслалгүй цээжилсэн хүнийг бэлддэггүй ажээ.
Үр дүн нь хамаагүй, гол нь сурагчийн хөгжил
Хэрвээ дэлхийн загвар өмсөгчдийг төгсөлтийн шалгалтын дүнгээр нь жагсаавал Данийн боловсролын систем дээгүүр орохгүй байсан биз ээ. Гэсэн хэдий ч, эзэмшсэн боловсролын үзүүлэлтээрээ Дани улс эхний аравт багтахаас гадна дээд боловсролыг олгох шалгуураараа 2016 онд гуравдугаар байрыг эзэлсэн юм.
Данид оюутан сурагчид нь хичээлээсээ таашаал авахыг илүү чухалчилдаг
Насанд хүрээд хэн болохоо шийдэж чадаагүй эсвэл нийгэмшихэд бэрхшээлтэй тулгарч байгаа залуу Даничуудад зориулсан “Efterskole” буюу сургуулийн дараах тусгай хөтөлбөр байдаг ажээ. Энэ хөтөлбөрт 14-18 насны хүүхдүүд хамрагдаж цаашид хэн болохоо шийддэг байна. Сургуульд зааж сургаагүй зүйлийг энд зааж сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг – уран бүтээл, спорт, гар урлал … Сурагчид харилцан бие биенээ дэмжих зарчмаар явагдана, “амжилттай” яваа нэг нь бусаддаа туслалцаа дэмжлэг үзүүлж замаа олоход нь тусалдаг ажээ.
Боломжийн эрх тэгш байдал
Данид ажил горилж байгаа хүмүүсийн 11 хувь нь цалингийн хэмжээг гол шалгуураа болгон ажлаа сонгодог. Дэлхийн хамгийн өндөр татвар төлдөг улс гэхэд иргэд нь өөрийн хүсэл сонирхолоор ажлын байраа сонгодог байна. Хүүхэд байхаас нь л хүсэл сонирхолыг нь олж чиглүүлэхийг зорилгоо болгодог нь үүнд нөлөөлдөг гэж үздэг.
Өөрийн хүссэн ажлаа хийх нь нийгэм өөрөө зөв замаар хөгжих боломжийг нээнэ. Мэргэжлээ сонгох болсон ахлах ангийн хүүхдүүдэд илүү мэдээлэл өгөх зорилготой тусгай нийгмийн алба хүртэл ажилладаг. Ахлах ангиудад мэдээлэл өгөх сургалт, хурал явуулж сурагчдын дунд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог ажээ.
Залуу Даничуудын дунд явуулсан санал асуулгаар залуучууд ирээдүйгээ сонгоход эрх чөлөөтэй, ирээдүйгээ хянах бүрэн чадвартай гэж гарчээ.
Малин Рюдалийн хэлж байгаагаар бол Дани улс “нийгмийн хувьсах бүрэн чадвартай” улс юм. Ийм нийгэмд хэн ч амжилт гаргаж чадна. Нэг сайхан нь Данид боловсрол үнэгүй, улсаас бүх зардлыг нь хариуцсан байдаг. Улсаас оюутнуудад өгөх тэтгэмж нь сургалт, хоолонд нь хангалттай хүрэлцдэг байна.