Өвлийн уриа: “Өдөр болгон шөлтэй хоол”. Шөл өег бас таныг дулаацуулна – хүйтний улиралд ийм л хоол хэрэгтэй. Дэлхийн бөмбөрцгөөс хойшлох тусам улс үндэстнүүдийн хоолны цэсэнд шөлтэй хоолны төрөл олширдог байна.
Бидний иддэг ногоотой шөлний нэр төрлийг та дараах санал болгож байгаа хоолны жороор нэмэгдүүлж болно.
Сэвэгзарамын зутан шөл
Сэвэгзарамын шөл – турк үндэстний хувьд алдартай шөл. Хийхэд амар, амттай ч болно. Хүүхдүүд маш амтархан иддэг (хүүхдүүдэд хийж өгч байгаа бол халуун ногоогүй хийж өгөөрэй).
Орц:
- Сэвэгзарам – 1 стакан
- Шар будаа – 0,5 стакан
- Сонгино -1 ш
- Улаан лоолийн паста – 1 х.х
- Үхрийн ясны шөл гаргах яс -1-2 ш
- Цөцгийн тос – 1 х.х
- Нунтаг халуун чинжүү, хатаасан гаа, гоньд, давс
- Ус эсвэл тахиа, үхрийн шөл – 2 л
Хийх арга:
- Сэвэгзарамаа ус эсвэл шөлөндөө хийж гал дээр тавина. Буцалснаас хойш 10 минутын дараа шар будаагаа хийнэ. Зөөлөн гал дээр 30-40 минут буцалгахад будаа болно.
- Будаа болж байх хооронд халаасан цөцгийн тосондоо жижиглэн хэрчсэн сонгиноо шарна. Нэг аяга шөлөнд улаан лоолийн пастаг хийж хутгаад шарж байгаа сонгино дээрээ нэмж 2-3 минут жигнэнэ. Сонгиноо шөл рүүгээ хийж давсаар амтална.
- Шөл болохоос 15 минутын өмнө шөлөндөө бусад амтлагчуудаа хийнэ: хатаасан гаа, гоньд …
- Шөлөө галаас авч 10 минут амраагаад аягална. Болсон шөлөө зутан болтол нь блендердэж болно, шууд идсэн ч болно: шөл нь маш өтгөн болсон байх ёстой. Аягалаад дээрээс нь нунтаг халуун чинжүү, паприка цацаж чимэглэнэ.
Карритай хулууны шөл
Хулуу амин дэмээр баялаг тул хүйтний улиралд чухал хоол хүнсэнд тооцогдоно. Харин карри нь биеийг халуун дулаанаар хангаж хоолыг анхилуун үнэрээрээ тансаг болгоно. Цөцгий нэмснээрээ шөлийг зөөлөн амттай болгох ажээ.
Орц:
- Хулуу – 1 кг
- Том сонгино – 1 ш
- Яншуй – 1 боодол
- Ногооны эсвэл ясны шөл, ус байсан ч болно – 1,5 л
- Цөцгий – 100 мл
- Цөцгийн тос – 3 х.х
- Карри – 1 ц.х
- Давс
Хийх арга:
- Том хэмжээтэй саванд цөцгийн болон оливийн тосоо хийж халаагаад жижиглэн хэрчсэн сонгиноо шарна, дээрээс нь карригаа хийж сайтар хутгана.
- Хулууг том хэмжээтэй хэрчээд хальсыг нь авна. Хулуугаа шарж байгаа сонгино дээрээ нэмээд нэг минут орчим жигнэнэ. Дээрээс нь шөлөө хийж 25-30 минут зөөлөн галаар буцалгана.
- Шөлний ихэнх хэсгийг өөр саванд тасалж авна. Зөөлөрч болсон хулуугаа блендердээд дээрээс нь шөлөө буцааж хийнэ. Цөцгийгөө хийж давсаар амтална. Шөл нь хөрсөн бол гал дээр тавьж халаагаарай.
- Аягалаад яншуйгаар чимэглэн тавина.
Халуун чинжүүтэй улаан лоолийн зутан шөл
Ирсэн зочдоо даараад орж ирэхэд нь дайлахад амтархан идэх тийм л шөл дөө.
Орц:
- Улаан лооль – 1500 г
- Төмс – 400 г
- Лууван – 200 г
- Сонгино – 100 г
- Шарсан цагаан талх – 60 г
- Цоохор майлз – 50 г
- Базилик – 1 навч
- Оливийн тос – 1 х.х
- Халуун перец/чили – 1 ш
- Шар амтат чинжүү – 1 ,
- Давс, перец
Хийх арга:
- Улаан лоолио халуун усанд хийж хальсыг нь хуулж аваад дундуур нь хувааж үрийг нь авна.
- Перцээс бусад ногоог цэвэрлэж угаана. Ногоог дөрвөлжин жижиг хэрчээд улаан лоольтой савандаа 2 стакан устай хийнэ. Бага зэргийн давсаар амтлаад зөөлөн гал дээр 30 минут буцалгана.
- Шар амтат чинжүүгээ угааж үрээс нь салгаад 1 см орчим хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Бага зэргийн давс хийж шарсан цагаан талхтай цуг шарна.
- Шөлөө блендердэнэ. Жижиглэн хэрчсэн чили чинжүүг хийж дээрээс нь оливийн тос, давс хийж амтална.
- Бэлэн болсон шөлөө таваглаад дээрээс нь базиликээр чимэглэнэ. Шарсан талх, перецээ дээрээс нь цацна.
Сармистай шарсан талхтай франц маягийн бяслагтай шөл
Бяслагтай шөл хийхэд маш энгийн бөгөөд амт нь төгс төгөлдөр болдог: зөөлөн бяслаг нь шөлөнд цөцгийн гайхалтай амтыг оруулна. Өег болох тул хүйтний улиралд тохирох ажээ.
Орц:
- Тахианы цээж мах – 400 г
- Зөөлөн бяслаг – 200 г
- Төмс – 3 ш
- Лууван – 1 ш
- Давс, нунтаг перец, амтат перец – өөрийн хүссэн хэмжээгээр
- Ургамлын тос – 2 х.х
- Лаврын навч – 3 ш
- Ногоон өнгөт ногоонууд – өөрийн хүссэн хэмжээгээр
- Шарах талх – багет (өөр ямар ч талх байж болно), сармис, оливийн тос
Хийх арга:
- 1,5 л усанд тахианы махаа чанана.
- Шөл буцалж эхлэнгүүт дээрээс нь давс, хэдэн бөмбөлөг перец, лаврын навч хийж амтална. Буцалснаас хойш 20 минут чанана.
- Төмсөө арилгаад дөрвөлжин хэрчинэ. Махаа шөлнөөс гаргаж төмсөө хийгээд 5-7 минут буцалгана.
- Луувангаа арилгаж үрж жижиглэнэ. Наран цэцгийн тосонд луувангаа шарж давс, перецээр амтална. Луувангаа шарсны дараа шөлөндөө хийж 5-7 минут буцалгана.
- Зөөлөн хайлмаг бяслагаа хийж сайтар хутгана. Галаа унтраана.
- Талхаа урт нарийхан хэрчээд нэг сармис арилгана. Талхны хоёр талыг оливийн тосонд дүрээд сармисаа түрхэнэ. 190-200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд талхаа шаргал өнгөтэй болтол нь шараарай.
Утсан махтай вандуйны шөл
Орос үндэстний амттай шөлнүүдийн нэг юм.
Орц:
- Гахайн утсан хавирга – 300 г
- Лууван – 1 ш
- Сонгино – 1 ш
- Төмс – 2 ш
- Хуурай вандуй – 1 стакан
- Яншуй – чимэглэлд
- Тос – 1 х.х (шарахад)
- Давс – хүссэн хэмжээгээрээ
- Ногоон өнгийн ногоонуууд
Хийх арга:
- Вандуйгаа хүйтэн усанд хийж 10-12 цагийн турш дэвтээнэ. Болгохоос өмнө усаар зайлна.
- Утсан гахайн хавиргыг угааж цэвэрлээд буцалж байгаа усанд (2,5 л орчим) хийж 35-40 минут буцалгана. Цаг болсны дараа вандуйгаа хийж 10-15 минут буцалгана.
- Тэр хооронд сонгино, луувангаа халаасан тосонд хийж шарна.
- Хавирга чанаж эхэлснээс 50 минут болсны дараа шөлөндөө сонгино, лууван, төмсөө хийж давс хийнэ. Вандуйн шөлөө 10-12 минут орчим дахин буцалгаж болгоно. Таваглахдаа ногоон өнгийн навчит ногоогоор чимэглээрэй.
Мөөгтэй зутан шөл
Хийхэд маш хялбар бөгөөд маш амттай болдог шөл.
Орц:
- Шампиньон – 170-200 г
- Хатаасан мөөг – 15 г
- Сармис – 2 хумс
- Сонгино – тал
- Ногооны шөл эсвэл ус – 2 л
- Сүү – 0,5 аяага
- Задь – 2 чимх
- Гурил – 1,5 х.х
- Ургамлын тос – 2 х.х
- Оливийн тос – 3 х.х
- Шарсан талх – 2 зүсэм
- Цөцгийн тос – 3 х.х
- Давс, перец
Хийх арга:
- Юуны түрүүнд шарсан талхаа бэлдье, яагаад гэвэл болох хугацаа нь шөл болох хугацаатай адил цаг зарцуулдаг юм. Цөцгийн тосоо хайлуулаад дөрвөлжин хэрчсэн цагаан талхаа дүрж давсаар амтална. Шарах шүүгээг 150 хэм хүртэл халааж талхаа хийж 25-30 минут шарна.
- Зузаан ёроолтой саванд оливийн тосоо хийж халаагаад сонгиноо хийж шарна. Дээрээс нь сармисаа хийж 2-3 минут шарна. Илүү хугацаагаар шарах хэрэггүй шүү, сармис түлэгдэх ёсгүй.
- Галаа дунд хүртэл нь багасгаад том хэмжээтэй хэрчсэн шампиньон, хатаасан мөөгөө сармисан дээрээ хийнэ. 6-8 минут орчим жигнэхэд мөөг зөөлрөөд ирнэ.
- Дээрээс нь ногооны шөлөө хийж буцалгаад галаа дахин багасгаж 5 минут буцалгана. Сүү, ургамлын тосоо өөр саванд хийж хутгаад дээрээс нь гурилаа хийж сайтар холино. Сүүтэй зуурмагаа шөл өтгөн болтол бага багаар нэмнэ.
- Шөлөө блендердэнэ, гэхдээ бага хурдаар 15 секунд орчим. Илүү хэрэггүй: шөлөнд мөөгний бүхэл мэдрэгдэж байх ёстой. Шөлөө эцсийн байдлаар амтлахдаа задь, давс, перец хийнэ. Шарсан талхтайгаа цуг идээрэй.
Лагман
Амтат лагман хийх жор маш их. Энэ удаад энгийн жорыг танилцуулахаар бэлдлээ. Гурилаа заавал өөрөө бэлдэх хэрэггүй, дэлгүүрээс бэлэн гурил авч болно.
Орц:
Важид (ногоотой жигнэсэн маханд):
- Улаан лоолийн паста – 3 х.х
- Жижиглэсэн цагаан гаа – 1 .х
- Мах (хонины мах байвал сайн, гэхдээ үхрийн мах байсан ч болно) – 0,5 кг
- Улаан лооль – 2 ш
- Сонгино – 1
- Махны шөл – 0,5 л
- Цоохор майлз – 1 ,
- Сармис – 1 хумс
- Улаан, шар амтат чинжүү – тус бүр 1 ш
- Яншуй, укроп, давс, перец – өөрийн хүссэн хэмжээгээр
- Ургамлын тос – 150 мл
Гуриланд:
Дээр хэлсэнчлэн дэлгүүрээс авч болно. Өөрөө хийхийг хүсвэл дараах жорын дагуу хийнэ үү:
- Гурил – 300 г
- Өндөгний цагаан
- Ус, давс
Хийх арга:
- 150 мл усаар өтгөн гурил зуураад 30 минут хүйтэн газар амраана.
- Харандааны зузаантай байхаар элдээд бүтээгээд 30 минут амраана. Гараараа сунгаад 2 мм гоймон шиг болгоно.
- Давстай буцалж байгаа усанд болгоод шүүнэ. Хүйтэн усанд шүүж тос хийнэ.
- Сонгиноо хагас цагираг хэлбэрээр, чинжүүгээ дөрвөлжин, улаан лоолио урт нарийхан, цоохор майлзаа жижигхэн, сармисаа томоор хэрчинэ. Махаа жижиг дөрвөлжин хэрчээрэй.
- Савандаа 3 х.х тос хийж халаагаад: мах хутгасаар 7 минут шарна. Дээрээс нь сонгино, амтат чинжүү, улаан лооль, сармис, улаан лоолийн чинжүү болон бусад амтлагчуудаа хийнэ. Мах зөөлөртөл сайтар хутгасаар байна.
- Болсон мах, ногоон дээрээ шөлөө хийж буцалгана. Галаас аваад 20-30 минут амраагаарай. Гурилаа шөлөнд хийхээс өмнө буцалсан халуун усанд хийж халаана. Хоолоо том аяганд эсвэл гүн тавганд хийж ногоон өнгийн навчит ногоогоор чимэглэнэ.
Бяслаг, шарсан талх, сонгинотой шөл
Францчууд хүйтний улиралд оройн хоолондоо уг шөлийг ууцгаадаг. Сонгинотой шөл – тус үндэстний хоол бөгөөд орц бага хэдий ч тун чиг амттай болох ажээ.
Орц:
- Хагас эсвэл хатуу бяслаг – 100 г
- Сонгино – 500 г
- Цөцгийн тос – 50 г
- Сахар – 1 х.х
- Гурил – 1 х.х
- Махны эсвэл тахианы шөл – 1,5 л
- Багет
- Давс, нунтаг хар перец – өөрийн хүссэн хэмжээгээр
Хийх арга:
- Сонгиныг хагас цагираг хэлбэрээр нарийхан хэрчинэ. Зузаан ёроолтой саванд тосоо халааж сонгиноо хийж шаргал өнгөтэй болтол нь шарна. Давс, перецээр амтална.
- Сонгино дээрээ сахар, гурил хийж сайтар хутгаад 10 минут шарна.
- Халуун шөлөө дээрээс нь хийж зөөлөн гал дээр 30-40 минут буцалгана.
- Халуунд тэсвэртэй аяганд шөлөө хийгээд дээрээс нь шарсан талх, бяслагаа хийж шарах шүүгээнд хийж бяслаг шаргалттал болгоно.
Чаудер
Өтгөн, өег шөл бөгөөд америкчууд ихээр иддэг. Америкийн өнцөг булан бүрт өөр өөрөөр хийж иднэ: беконтой, загастай, сам хорхойтой, брокколитой, эрдэнэ шиштэй. Гэхдээ цөцгий болон бяслагтай шөлийг зөөлөн амттай болгох орц болно.
Орц:
- Бекон – 200-300 г
- Хөлдөөсөн эсвэл лаазалсан эрдэнэ шиш – 400 г эсвэл 1 лааз
- Төмс – 3-4 ш
- Тахианы шөл – 1 л
- Цөцгий 10%-ийн – 500 мл
- Гурил – 2 х.х
- Цоохор майлз – 1 ш
- Амтат чинжүү – 1 ш
- Сонгино – 1 ш
- Давс, хар нунтаг перец
- Хатуу бяслаг – 200 г
Хийх арга:
- Беконоо жижиг дөрвөлжин хэрчээд халаасан тосонд шарна. Тэр тосондоо шөлөө хийх юм. Шарсан махаа авна.
- Тэр тосондоо сонгиноо шаргал өнгөтэй болтол шарна.
- Төмсөө хэрчээд тахианы шөлөндөө хийж 15-20 минут буцалгана. Төмс зөөлөрч бутрах хүртэл нь чанаарай.
- Төмс болж байх хооронд амтат чинжүү, цоохор майлзаа шарна, дээрээс нь эрдэнэ шишээ нэмээрэй (лаазалсан бол шууд шөлөндөө хийнэ).
- Төмсөө нухаад шөлөн дээрээ цөцгий, гурилаа хийж сайтар хутгана. Дээрээс нь бекон, хуурсан ногоо, эрдэнэ шишээ нэмнэ.
- Шөлөө буцалгаад үрж жижиглэсэн бяслагны талыг хийж 10 минут зөөлөн гал дээр байлгана.
- Шөлөө аягалаад дээрээс нь бяслаг, ногоогоор чимэглэнэ.
Харчо
Анхилуун, өег гүрж харчо – хүйтэн үдэш дулаацах сайхан шөл.
Орц:
- Үхрийн мах – 400 г
- Сонгино – 3 ш
- Будаа – 4 х.х
- Улаан лооль – 500 г
- Яншуй, укроп – өөрийн хүссэнээр
- Амтлагчууд – өөрийн хүссэнээр
- Сармис – 1 хумс
- Кинза (кориандр) – өөрийн хүссэнээр
Хийх арга:
- Саванд 2-2,5 л хүйтэн ус хийж хэрчсэн мах эсвэл ясаа хийж буцалгана. Ус буцалж эхлэнгүүт хөөсийг авч галаа багасгана. Шөлийг цаг гаран буцалгана. Шөлөө галаас авахаас өмнөхөн цоохор майлз, яншуй зэргийг хийнэ.
- Шөл болж байх хооронд сонгиноо хэрчээд ургамлын тосонд шараад, шаргал өнгөтэй болонгуут нь дээрээс нь махаа шөлнөөс авч хийгээд 5 минут орчим шарна.
- 5 минутын дараа дахин хэдэн хоолны халбага шөл нэмж 15 минут тагийг тавьж жигнэнэ.
- Шөл, сонгино болж байх үэер улаан лоолио болгоно. Угаагаад буцалсан халуун усанд хийж хальсыг нь салгаж авна. Дунд зэргийн дөрвөлжин болгож хэрчээрэй.
- Улаан лоолио махан дээрээ хийж 10 минут жигнэнэ. Хайруулын тавганд шарсан махаа шөл рүү хийж буцалгана.
- Буцалсан шөлөнд будаагаа хийж 5 минут буцалгаад галаа дунд хүртэл нь багасгаж амтлагчуудаа хийнэ.
- Жижиглэн хэрчсэн сармис, ногоон өнгийн навчит ногоонуудаа шөлөндөө хийгээд галаа унтраана. Шөлөө 1 цаг орчим амраагаад таваглаарай.