Амралтын өдөр хайртай хүмүүстэйгээ ширээ тойрон суугаад, амттай хоол идэх шиг жаргал хаана байх билээ. Харин өнөөдөр ямар хоол хийхээ бодож олсон уу? Тэгвэл та бүхэндээ “Бүдэжигэ” хийх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Халуун ногоотой энэхүү хоол нь ёстой л хөлс урсгаж, ядаргаа тайлна.
Орц:
- Тахианы шөл – 4 аяга
- Лаазалсан хиам (Spam) – 200 гр
- Зайдас – 150 гр
- Дүфү – 250 гр
- Эноки мөөг – 250 гр
- Хясаан мөөг – 250 гр
- Бор мөөг – 100 гр
- Кимчи – тал аяга
- Чанадаг гоймон – 1 ширхэг
- Догбүгги – 50 гр
- Ногоон сонгино – 30 гр
- Хуудсан бяслаг – 1-2 ширхэг
Амтлагч:
- Гучугару – 2 халбага
- Будааны дарс (мирин) – 2 халбага
- Соё соус – 1 халбага
- Татсан сармис – 1 халбага
- Элсэн чихэр – тал халбага
- Гучужан – тал халбага
- Хар перец
Хиамаа нимгэн дөрвөлжин хэрчиж, зайдсаа нимгэн зууван хэрчинэ. Дүфүгээ 1.5 см зузаантай хэрчих бол, хясаан мөөг болон бор мөөгөө нимгэн хэрчиж бэлтгээрэй. Ингээд хэрчиж бэлтгэсэн хиам, зайдас, дүфү, мөөгнүүд болон эноки мөөгөө зурагт үзүүлсэнтэй адил тогоондоо хийж байрлуулна.
Голд нь хольж бэлтгэсэн амтлагчаа байрлуулж, хажууд нь кимчигээ тавиарай. Одоо тахианы шөлөө хийж, галаа нэмж халаана.
Ойролцоогоор 8-10 минут буцалгаад, үлдсэн орц болох гоймон, хэрчсэн ногоон сонгино, догбүгги болон хуудсан бяслагаа шөлөндөө хийнэ. Ингээд гоймонгоо бүрэн гүйцэт болтол 2-3 минут таг тавилгүйгээр буцалгаарай.
Хоолоо бэлэн болсон гэж үзвэл галаа унтрааж, тогоотой хоолоо голдоо тавьж идээрэй. Ингэхдээ будаа агшаан бэлтгэж, хамт идвэл илүү амттай байх болно. Танай гэр бүл өнөөдөр сайхан хооллоно гэдэгт итгэлтэй байна.