in

Хэрэв гэртээ буруу хийгдсэн даллаганы уут тавих юм бол, буян хишиг даллахгүй. Монгол хүн бүр үүнийг зайлшгүй мэдэж байх ёстой!

Буруу хийгдсэн даллаганы уут буян хишиг даллахгүй. Дотор нь хамаагүй эд зүйлс хийж болдоггүй нарийн дэгтэй. Ертөнцөд байхгүй өв соёл миний Монголынх юм байна. Би буурайгаасаа өвлөж авсан юм энэ эрдмийг их гэрээс гарч бага гэр болсон хүүхдүүддээ заавал лянхау хатгаж өгдөг. Даллагын уут найман сайхан дэлбээтэй, лянхуа цэцэгтэй байх ёстой юм. Буяны уутын нэг ч өнгө, нэг ч зангилаа ижилгүй хэрнээ ёроолд нь лянхау дэлгэрч, шар улаан торгонд умбаж байдаг. Даллагын уутны дотор талыг эд зүйлийг арвижуулна гэж шар, аливаа зүйлийг эрхэнд хураана хэмээн улаан торгоны аль нэгээр доторлодог.

Ийм болоод Монгол айл гэрийн буяны уут болох даллагын уутны өнгө солонго зангилаа бүслүүр ижилгүй бас хосгүй. Түмээр тоологдох гэр бүл түмэн монгол айлын буян хишгийг хурайлан дуудсан даллалыг уут ийн түмэн янз. Ийм гайхалтай, бахархам соёл дэргэд маань бүр гэрийн минь хойморт заларч байна.

Даллагын уут мухар тохойноос өндөр болжээ. Буурай миний урыг ингэж шалгадаг байлаа. Даллагын уут хүний мухар тохойноос өндөр байх ёстой юм. Арвай өндийж байгаа юм шиг дороос нь дээш шаглана. Даллагын уутны ёроолыг гэрийн эзэгтэйн төрсөн махбодийн өнгөтэй торгоор хийж, энэ өнгөөр ёроолд бүслүүр орооно. Таван их эрдэнэ /Алт, Мөнгө, Сувд, Шүр, Номин/ дээр нь нэмээд хэдийг ч хийж болно.

  • Таван үр тарианы зүйл /Улаан буудай, Цагаан будаа, Арвай, Буурцаг, Дил/
  • Таван рашаан / Зөгийн бал, Тараг, Сүү, Тос, Мөсөн чихэр/
  • Шингэн зүйл бол саван дотор эсвэл хатаагаад хийж болно /Хуурай сүү, хатсан идээний зүйл, хатсан тараг, ааруул/
  • Таван эм /Лидэр, Гандигар, Банлаг, Далайн хөөс, Шудаг/
  • Таван үнэртэн /Улаан зандан, Цагаан зандан, Задь, Гавар, Хач гүрэм нэмээд агар байж болно/

Даллаганы уутанд эдийн нэг бурхан заавал байх ёстой. Намсрай, Гонгор, Норлха, Замбал сахиусны хүрд, дүр хөрөг тарнийг уутан дотроо хийдэг. Даллага буяны уут дүүрвэл буян дүүрэн даллагын уутыг таван эрдэнийн хадганд ороон баринтаглан хадгалдаг. Харин сэв суусан гэм буусан тахилга шүтээний эдийг бол хадганд ороон адууны чихэнд зүүгээд салхи зүсүүлэн гаргадаг. Таван эрдэнийн хадагт ороон баринтагласан манай буурайн буян авгын бага гэрт бий.

Адистэд оршихгүй хэмээн манайх буян хишгийн уутандаа Намсрайг залсан. Өнөр удамтай юм гэж хавийнхан хэлэхэд бас юм бодогдож л байдаг. Намсрай бурхан эдийг амийг арвижуулаад л байдаг шидтэй бурхан. Гүнгэрваа буюу шүтээний орд, бүхэн баясахын хүрээ гэж хэлдэг. Энэ гүнгэрваа айл бүрд байх ёстой. Бурхныг ил задгай залдаггүй. Гүнгэрваанд гурван шүтээн зайлшгүй байна.

Нэгдүгээрт лагшингийн шүтээн буюу бурхны зураг, зээгт наамал, шавар, металлаар хийсэн дүр.

Хоёрдугаарт зарлигийн шүтээн буюу бурхны амаараа айлдсан зарлиг бүхнийг ном болгосон судар бичгүүд.

Гуравдугаарт тааллын шүтээн буюу суварга.Ихэвчлэн бодь суваргыг хүмүүс гэртээ залсан байдаг.

Мөн хонх дамар,хүрд, арц хүж зэргээс гадна тахилын долоон аяга заавал байх ёстой юм. Айлд нэг юм уу хоёр бурхан байвал зүгээр. Чухам ямар бурхан залах нь тухайн айл гэрийн онцлогоос хамаарч болно. Төрийн ажилчдад Очирваань бурхан, ном эрдмийн ажил эрхэлдэг хүмүүс Манзушри бурхан, эмч эмнэлгийн хүмүүс Манал бурхан, сүсэгтэн олон нийтээрээ Говийн Лха бурхан шүтэж болно. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд даллаганы уутыг номын дагуу зөв оёх хэрэгтэй.

Худалдаанаас авч болохгүй. Буруу хийгдсэн даллаганы уут буян хишиг даллахгүй. Дотор нь хамаагүй эд зүйлс хийж болдоггүй нарийн дэгтэй. Бурхан тахилаа гэрийнхээ хойморт, гэрийн эзнийхээ сайн зүгт тавих нь зөв. Зүг бүр өөрийн гэсэн эзэдтэй байдаг. Гонгорын бумбыг буян хишгийнхээ зүгт тавих жишээтэй. Сануулж хэлэхэд ээж хад, ээж мод, аль нэг уул овоо, мод шүтэж, мөргөх нь тийм ч зөв биш юм. Ренбүчи багш айлдахдаа уул, овоо, чулуу, удган мод гэх зэргийн байгалийн сүрт зүйлст аврал одуулж, алгаа хавсарч мөргөж огт болохгүй гэж айлдсан байдаг. Хоёр алгаа хавсраад мөргөчих л юм бол их уналттай.

Тэнд зөвхөн лус, савдаг оршдог. Эгэл лус, савдаг идээ будаа өргөхөд баясаад нэг л удаа таны хэргийг бүтээж өгөхөөс биш ашдын нирваан хүрэх, гэгээрэлд нөлөө үзүүлж чадахгүй. Лус, савдаг биднээс дорд төрөлд хамаардаг амьтад. Хүмүүн төрөл гэдэг адгуус, лус, савдгаас дээд заяатай шүү дээ. Ийм өндөр язгуурт төрчихөөд дорд амьтдын өмнө мөргөж, залбирна гэдэг тун болохгүй. Ажил үйлсээ даатгаад цай, сүүний дээжээ өргөн хүндэтгэж болно. “Ажил үйлсийг минь бүтээж хайрлаарай, аян замд сайн явуулаарай” гэх байдлаар сүсэглэж болно.

Харин залбирч, сунаж мөргөж болохгүй. Залбирал мөргөл зөвхөн төгс гэгээрсэн Бодисадва нарт зориулагдсан хүндлэл. Элдэв зураг хөргийг нь ч гэртээ байлгах шаардлагагүй. Бодисадва нар энэ ертөнцөөс гэтэлж нирваан буюу төгс гэгээрэлд хүрсэн учраас бидэнд эргээд аврал үзүүлж чадна. Харин бидний энэ ертөнцөд зэрэгцээ орших лус савдгуудад биднээс илүү гарах нэг ч зүйл үгүй. Үлгэрлэвэл шаварт биеэрээ зоогдчихоод байгаа хоёр хүнтэй адилхан юм.

Хэн нь ч хэнийгээ дээш нь гаргаж чадахгүй. Нэг нэгэндээ туслах гэвэл хоёулаа живэх эрсдэлтэй. Тэгэхээр эрэг дээр байгаа хүнээс аврал гуй гэсэн үг. Тэр эрэг дээрх хүн нь дээд төрөлт бурхан, бодисадва нар юм.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0