Урт үс – олон бүсгүйчүүдийн мөрөөдөх зүйл. Дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр зөвхөн хурдан ургаад зогсохгүй үс эрүүлжих болно.
Яргай загас
Омега 3 хүчил нь загасанд агуулагддаг бөгөөд үсний бүтцэд эерэгээр нөлөөлнө. Шинжлэх ухааны судалгаанаас харахад хагас жилийн туршид уг загасыг байнга хэрэглэсэн тохиолдолд телогенийн (үсний угийн унтаа байдал) үеийг багасгадаг болохыг баталжээ. Үүнээс гадна яргай загасанд В12 амин дэм, төмөр ихээр агуулагддаг нь үсний ургалтыг хурдасгадаг байна.
Эмгэн хумс
Цинкийн эх сурвалж бөгөөд үсний ургалт, өнгөнд сайнаар нөлөөлнө. Нэгийг идэхэд л өдрийн хэрэглээний цинкээ авч байгаа хэрэг. Мэдээж хэн хүнгүй өдөр болгон өөрийгөө энэ үнэтэй идээгээрээ эрхлүүлээд байж чадахгүй. Тийм учраас бүхэл үрийн талх, үхрийн элэг, мах, гахайн мах зэргийг идэж өөрт шаардлагатай цинкийг авч болно.
Тахианы мах
Уургаар баялаг тул кератинийн ялгаруулалтанд нөлөөлнө – үсний бүтцийн 80% нь кератин бодис агуулсан байдаг. Уг бодисын дутагдал нь үсний ургалтыг зогсоож, үс унахад хүргэдэг. Тахианы махнаас гадна өөр амьтны махнаас уургийн хэрэгцээгээ хангах боломжтой.
Эх сурвалж: nutritionexpress
Өндөг
Үсний эрүүл байдлыг хадгалах, ургалтыг сайжруулах уураг, биотин ихээр агуулдаг. Үсний уналтын үед нэмэлт биотон уухыг зөвлөдөг бөгөөд хоол хүнстэйгээ зохицуулж уувал үр дүн нь улам нэмэгддэг болохыг тогтоожээ. Эдгээрээс гадна өндгөнд лейцин (эсийн үржилд нөлөөлдөг) байхаас гадна үсэнд нэн шаардлагатай аминохүчил агуулдаг байна.
Эх сурвалж: AEB, livestrong
Бүйлсэн самар
Е амин дэм нь эрүүл үсний үндэс болно. 30 г самарнаас (ойролцоогоор 15-20 ш) бид Е амин дэмийн өдрийн хэрэгцээний 70% -ийг авч чадна. Үүнээс гадна биотин, тосны хүчил, В бүлгийн амин дэмээр баялаг.
Хулууны үр
В1, В2, В3, В4 ихээр агуулагддаг – үсний ургалтыг хурдасгана, харин В5 болон В6 нь толгойн арьсны эрүүл мэндийг хангана. Хэрвээ таны үс ихээр унаад байвал хоолны цэсэндээ хулууны тос нэмээрэй. Халцралтын үед ч үр дүнгээ өгдөг ажээ.
Эх сурвалж: whfoods, progressivehealth, NCBI
Сэвэг зарам/чечевица
Их хэмжээний төмөр агуулдаг нь үсний эрүүл мэндэд шууд сайнаар нөлөөлнө. Нэг аяга сэвэг зарамын шөл идсэнээр төмрийн өдрийн хэрэглээний тал хувийг авч чаддаг байна. Үүнээс гадна цинк, холин (толгойн арьсны цусан хангамжийг сайжруулна) болон бусад эрдэс бодисыг агуулдаг ажээ.