Айл болгоны хөргөгчинд хэдэн арван өндөг байгаа даа. Эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн. Зарим нэг нь нарийн боовондоо хийж, зарим нэг нь шарвин шарж иднэ, харин зарим нь өглөөний цайндаа идэх нь элбэг. Харамсалтай нь өглөөний цайндаа бид гурван аргаар л хэрэглэх ажээ: чанасан өндөг, омлет тэгээд л нүдэлж шарсан өндөг. Та бүхэнд амттай бөгөөд хийхэд амархан өглөөний цайны жорыг танилцуулах гэж байна.
А-ля пашот шарсан өндөг
Өглөөний цайндаа хэрэглэх тооны өндгийг усанд буцалгаж хагас болгоно. Өндгийг хөргөөд хальсыг нь болгоомжтой арилгана. Цэвэрлэсэн өндгөө нунтаг хатаасан талханд өнхрүүлээд халаасан цөцгийн тосонд шарна. Эсвэл зөөхийн дээр нунтаг шарсан талхаа хийж хутгаад өндгөө дүрж халуун тосондоо шарна. Хэрвээ та майонезэнд дуртай бол майонезтай нунтаг шарсан талханд дүрээд шарна.
Богино долгионы зууханд болгох нүдэлсэн өндөг
1 өндөг дээр жижиглэн хэрчсэн гахайн утсан мах, ногоон сонгино хийнэ. Сэрээгээр сайтар хутгаад богино долгионы зууханд 1-2 минут шарна (хугацаа нь богино долгионы зуухны хүчин чадлаас хамаарна). Өндөг болсны дараа үрж жижиглэсэн бяслаг цацаад дахин хагас минут орчим хийнэ. Өндөг шарах саванд халуунд тэсвэртэй таваг, аяга ч байсан болно. Өндөгний тоог нэмж болно, ингэснээр болгох хугацааг нэмнэ.
Улаан лоолинд жигнэсэн өндөг
Том хэмжээний улаан лооль бэлдэнэ. Нэг өндгөнд – нэг улаан лооль. Шарах шүүгээгээ урьдчилан 180 хэмд халаана. Улаан лоолийн дээд хэсгийг зүсээд зөөлөн эдийг нь халбагаар авна. Шарах шүүгээний хавтан дээр улаан лоолио өрж тавиад ёроолд нь үрж жижиглэсэн бяслаг хийж дээрээс нь өндгөө болгоомжтой хагалж хийнэ. 10 минут шараад дээрээс нь үрж жижиглэсэн бяслаг цацна. Дахиад 1-2 минут шарах шүүгээндээ болгоно. Өөрийн хүссэн ногоогоор чимэглээд халуун бүлээнээр нь идээрэй.
Өндөгтэй зөөлөн суфле
Шарах шүүгээгээ дунд зэргийн хэм дээр халаана. Өндөгний 4 шарыг сайтар хутгаад 0,5 стакан сүү, 2 хоолны халбага гурил хийж хутгана. Өндөгний 3 цагааныг хөөсөртөл нь хутгаад өндөгний шартай зуурмаг дээрээ бага багаар болгоомжтой хийнэ. Кексний хэвээ тослоод зуурмагаа хийнэ (савны 2/3 хэмжээтэй байхаар). 5-7 минут шарах шүүгээнд болгоно. Дээд тал нь бага зэрэг шаргалтаад эхлэнгүүт нь гаргаарай.
Өндөгний ороомог
Эхлээд гахайн утсан мах, сонгино, амтат чинжүү, олив, улаан лоолио хэрчиж бэлдэнэ. Хайруулын тавгаа халаагаад тос хийнэ. Өндгөө хагалж хайруулын тавгандаа шарна, өндөгний зузаан 2 см байхаар тооны өндөг хагалж шарах юм. Өндөгний нэг талыг шараад болгоомжтой эргүүлэхдээ хэрчиж бэлдсэн хачруудаа хийнэ. Бэлэн болсон өндгөө рулет болгон хуйлаад халуунаар нь амтархан идээрэй.