in

Илчлэг багатай хэрнээ янзын гоё амттай тахианы махан хуурга хийж идээрэй. Дэглэм барьж байгаа хүмүүст тун тохиромжтой

Бүсгүй та дэглэм барьж байхдаа ямар хоол иддэг вэ? Арай турах ёстой гээд хоолоо хүртэл хорьж, хоосон ходоодтой явдаг юм биш биз? Тэгвэл энэ нь таны гаргаж байгаа хамгийн том алдаа гэдгийг санаарай. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ илчлэг багатай, амттай тахианы махан хуурганы жорыг хүргэхээр бэлтгэлээ. Та дэглэмийн цэсэндээ энэ хоолыг багтааж, амттай хоол идэнгээ ч турах боломжтой шүү.

Орц:

  • Тахианы цээж мах – 450 гр
  • Давс болон перец – амталгаагаар
  • Оливын тос – 2 халбага
  • Брокколи – 2 аяга
  • Шар амтат чинжүү – тал
  • Улаан амтат чинжүү – тал
  • Жижиг лууван – тал аяга
  • Татсан цагаан гаа – 2 цайны халбага
  • Сармис – 2 хумс

Соус орц:

  • Төмсний цардуул – 1 халбага
  • Хүйтэн ус – 2 халбага
  • Тахианы тунгалаг шөл – аяганы дөрөвний нэг
  • Соё соус – 3 халбага
  • Зөгийн бал – аяганы дөрөвний нэг
  • Гүнжидийн тос – 1 халбага
  • Нунтаг улаан перец – тал цайны халбага

Хийх арга:

Жижиг хэмжээтэй саванд төмсний цардуул болон усаа хийж зуурна. Дээр нь тахианы тунгалаг шөл, соё соус, зөгийн бал, гүнжидийн тос, улаан чинжүүгээ хийж хутгаад цааш нь тавиарай.

Хайруулын тавганд нэг халбага оливын тос хийж халаана.

Тахианы цээж махаа 2-3 см хэмжээтэй хэрчиж, тосондоо хийж хуураарай. Давс болон перецээр амтална. 3-5 минут хуурсны дараа гал дээрээс аваарай.

Галаа багасгаж байгаад, үлдсэн нэг халбага оливын тосоо хийж халаана.

Брокколиг угааж цэвэрлээд, хувааж хэрчинэ. Амтат чинжүү болон лууван нарийн урт хэрчинэ. Сармисаа ч мөн жижиглэж татсан байна. Тосондоо эдгээр ногоогоо хийж сайтар хуураарай. Дээр нь цагаан гаагаа нэмнэ.

Ногоогоо гүйцэт хуурч болгосны дараа тахианы махаа нэмж хийнэ.

Хуурч байгаа мах, ногоон дээрээ соусаа хийж буцалгаарай. 1 минут буцалгаад гал дээрээс авна.

Ингээд таны амттай тахианы махан хуурга бэлэн болох юм.

Хоолоо гаргаад агшаасан будаатай хамт таваглаад идээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *