in

Намрын улиралд хийж идэхэд хамгийн тохиромжтой 5 хоол: Гэр бүлээрээ тойрч суугаад идэхэд хамгийн сайхан

Улирлын хүнсний бүтээгдэхүүнээр хийх хоолны жорыг танилцуулж байна. Намар цагаар хулуу, мөөг, алимыг хямдхан их хэмжээгээр авах боломжтой. Зочиддоо зориулж дараах амттай жоруудыг өөрийн болгоод аваарай.

Самартай хулууны зутан шөл

Намрын навчны өнгийг санагдуулам уг шөл өл сайн дарахаас гадна сэтгэл санааг сэргээж халуун дулаан уур амьсгалыг бий болгоно. Хулуугаар зутан шөл хийхэд маш тохиромжтой.

Орц:

  • Дунд зэргийн 1 хулуу
  • 2-3 ш дунд зэргийн лууван
  • 1 сонгино
  • 400 мл тахианы шөл
  • Хагас стакан тослог багатай зөөхий
  • 1 х.х цөцгийн тос
  • 1 ц.х давс
  • Ангаахай самар

Хийх арга:

  • Хулуу, лууван, сонгиноо арилгаад дөрвөлжин хэрчинэ. Том саванд цөцгийн тосоо хайлуулж хэрчсэн ногоогоо 10-15 минут шарна. Дараа нь тахианы шөлөө нэмээрэй. Буцлангуут нь галаа багасгаад хагас цаг орчим чанана.
  • Хоолоо галаас авч хөргөөд цөцгийгөө хийнэ (тасалгааны хэмтэй). Давсаар амтална. Блендерээр зутан шөл болтол нь сайтар холино.
  • Халуунаар нь таваглаад дээрээс нь самар, шарсан талх, зөөхийтэй иднэ.

Зөөхийтэй мөөг

Намар – мөөгний улирал. Мөөгний бас нэгэн амттай жорыг танд санал болгож байна. Шинэ мөөгтэй байгаа бол та хийж идээрэй, харамсахгүй шүү.

Орц:

  • 1 кг мөөг
  • 500 г тослог зөөхий
  • 100 г цөцгийн тос
  • Хагас стакан ус
  • 2 сонгино
  • Давс, хар перец

Хийх арга:

  • Мөөгөө сайтар цэвэрлэж угаагаад 15-20 минут давстай усанд байлгана.
  • Сонгиноо арилгаж цэвэрлээд хэрчинэ. Цөцгийн тосонд шаргал өнгөтэй болтол нь шараад дээрээс нь мөөгөө хийж 5 минут орчим шарна. Зөөхийгөө усаар шингэлж мөөгөн дээрээ хийнэ. Давс, перецээр амтална.
  • Таглаад зөөлөн галаар жигнэнэ. Зөөхийний соус нь карамель өнгөтэй болох ажээ. Болсон мөөгөө халуунаар эсвэл хүйтнээр нь ч идсэн болно. Зөөхийтэй мөөгийг тусад нь хоол болгон идэхээс гадна өөр бусад хоолны хачир байдлаар идэж болно.

Шоколадтай хулууны вафль

Гэрт тань вафль хийгч байгаа бол өглөөний сайхан хоол бэлэн болох нь тэр. Вафльны зуурмагийг орой нь бэлдээд хөргөгчиндөө хадгалж болно.

Орц:

  • 200 г буудайн гурил
  • 1 стакан хулууны нухаш
  • Хагас стакан грек йогурт
  • Хагас сакан сүү
  • 80 г зөгийн абл
  • 1 өндөг
  • 1,5 ц.х цинамон
  • 1 ц.х нарийн боов хөөлгөгч
  • 1 ц.х задь
  • Шоколадны үйрмэг

Хийх арга:

  • Эхлээд хуурай орцуудаа холино: гурил, хөөлгөгч, цинамон, задь. Тусад нь хулууны нухаш, өндөг, тараг, зөгийн бал, сүүгээ сайтар холино. Шингэн зуурмаг дээрээ гурилаа болгоомжтой хийж зуурна. Зуурмаг шарвингийн (блинчик) зуурмаг шиг байна.
  • Вафль хийгчээ тослоод халааж тухайн төхөөрөмжийн зааврын дагуу болгоно. Шоколадны үйрмэг цацаад идээрэй.

Амтат сироптой жигнэсэн жимс

9-р сард намрын алим, лийр, цангис зэрэг бүрэн боловсорч дуусна. Эдгээр жимсээр амттай гэгч нь десерт хийж болно.

Орц:

  • 5-7 ширхэг дунд зэргийн алим
  • 5-7 ширхэг дунд зэргийн лийр
  • 1 аяга лаазалсан хан боргоцой
  • 1,5 таваг цангис
  • 50 г хайлуулсан цөцгийн тос
  • 3 х.х сахар
  • 1 х.х зөгийн бал
  • 1 ц.х цинамон
  • ¼ ц.х задь
  • Жижиглэсэн хушга хагас стакан
  • Нимбэгийн шүүс

Хийх арга:

  • Таны ашиглах гэж байгаа хэвээс шалтгаалж алим, лийрийн тоо өөрчлөгдөж болно. Алим, лийрээ угаагаад голыг нь авч нимгэн хэрчинэ. Хэрчсэн жимсэн дээрээ нимбэгийн шүүс цацаарай, бусад орцыг бэлдэж байх хооронд жимс харлахгүй.
  • Хайлуулсан цөцгийн тос, сахар, цинамон, задийг холино. Зөгийн бал нэмээд сайтар хутгана. Хэтэрхий өтгөн болсон бол хан боргоцойн шүүсээр шингэлнэ.
  • Жимсээ шилэн хэвэнд хийгээд дээрээс нь самраа хийж хутгана, зөгийн балтай сиропоо дээрээс нь асгана.  150 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 1 цагийн турш болгоно.

Сoгтууруулах чанаргүй сидр

Намрын үдэш дулаацан суухад тохирох ундаа. Бэлдэхэд ч хялбар.

Орц:

  • 2 л алимны шүүс
  • 1 нимбэгийн шүүс
  • 1 жүрж
  • Нэг цинамон
  • 3 х.х хулсны сахар
  • 1 ц.х хадаасан цэцэг
  • ½ ц.х амтат чинжүү
  • Чимх задь

Хийх арга:

  • Жүржээ сайтар угаагаад цагираг байдлаар хэрчээд савандаа хийнэ, дээрээс нь бусад орцуудаа нэмээрэй – алим, нимбэгийн шүүс, цинамон, сахар гэх мэт.
  • Таглаад зөөлөн гал дээр болгоно. Ундаа буцлангуут дахин 5 минут буцалгаад галаас авна. Халуунаар нь аягалаад амтархан уугаарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0