Уруулын дээд хэсэгт гарах үрчлээс бүсгүйчүүдийг багагүй сандаргадаг. Харамсалтай нь нэгэнт гарсан үрчлээнээс бид салж чадахгүй. Гэхдээ үрчлээс гарахаас сэргийлэх эсвэл гарсан үрчлээг нэмэхгүй байх арга бий юм шүү.
Гоо сайхны газрын үйлчилгээ танд итгэл төрүүлэхгүй эсвэл та тэр болгон гоо сайхан руу гүйгээд байх санхүүгийн боломжгүй бол та дараах үр дүнтэй зөвлөгөөг дагаж туршиж үзээрэй.
Гарсан үрчлээг багасгах эсвэл нэмэгдүүлэхгүй байх шилдэг арга бол нүүрний дасгал юм. Зөвхөн үрчлээнээс хамгаалаад зогсохгүй, арьсны ерөнхий төрхийг сайжруулдаг байна.
Уруулын дээдэх үрчлээс багасгах дасгал
- Соруулаар ууж байгаа мэт уруулаа урагшлуулна.
- Үлээж байгаа мэт хацраа бөмбийлгөнө.
- Амаа нээж “О” үсэг хэлнэ.
- Хацраа бөмбийлгөөд нэг хацрын агаарыг нөгөө хацар руу шилжүүлнэ.
- Хамраараа амьсгаа авч амаараа гаргана. Амьсгал гаргахдаа уруулаа суллаж гуурсаар ууж байгаа мэт урагш цорвойлгосон байна.
Эдгээр дасгалын 10 удаагийн давтамжтай өдөр болгон хийнэ. Таниас тийм ч их цаг шаардахгүй хялбархан дасгал юм.
Нүүрэнд хийх иллэг
Мөн та өөрөө нүүрэндээ иллэг хийж болно. Энэхүү иллэгийг английн гоо сайханч Кэрол Маджио санал болгож байна.
Хоёр цэгийг төсөөлж (нэг цэг нь дээд уруулын дээр, хоёр дахь цэг нь доод уруулын доор хэсэгт) амаа зууван хэлбэртэй байхаар нээнэ. Дээд уруулаа шүдэндээ хүргэхээр байрлуулна. Уруулын хоёр үзүүрийг хамрын хоёр захад хүргэх гэж байгаа мэт дээш болгоно. Долоовор хуруугаараа уруулын дээд хэсэгт гарсан үрчлээ дээр хэдэн минут зөөлөн дарж иллэг хийнэ.
Иллэг хийхдээ чийгшүүлэгч тос заавал түрхэх ёстойг анхаарна уу. Чийгшүүлэгч тос нь арьсыг илүү уян хатан болгож өгдөг байна.