in

Соус нь аманд ормогцоо амтын дээдийг мэдрүүлэх, хамгийн гоё котлет хийх жор: Амт нь нэг хэсэгтээ таны санаанаас гарахгүй!

Өнөө орой ямар хоол хийхээ бодож амжаагүй байна уу? Тэгвэл та бүхэндээ аманд ороод л хайлах, хамгийн амттай анар жимсний соустай котлет хийх жорыг сонирхуулж байна. Хэрэв танд таалагдаж байвал, өнөө орой хайртай гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй.

Орц:

  • Татсан үхрийн мах – 400 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс – 2 чимх
  • Хар перец – 1 чимх
  • Гурил – 2 халбага
  • Ургамлын тос – 3 халбага

Соусанд:

  • Анар жимсний шүүс – 300 мл
  • Элсэн чихэр – 1 амны халбага
  • Улаан дарс – 50 мл
  • Цардуул – 1.5 халбага
  • Хар перец – 1/4 халбага
  • Шанцай – 1/4 халбага
  • Давс – 1 чимх

Хийх арга:

Сонгиноо хальсалж угаагаад, жижиглэн хэрчинэ. Хэрчсэн сонгино, давс болон перецээ татсан махан дээрээ хийж базаарай.

Сайтар базсан махаа тэнцүү хэсэгт хувааж, бөөрөнхийлж бэлтгэнэ.

Бөөрөнхийлсөн махаа гуриланд өнхрүүлнэ. Дараа нь илүү гурилыг сэгсэрч унагаарай.

Тосоо хайруулын тавганд хийж халаана. Үүндээ махаа хийж, хоёр талаар нь шараарай. Алтан шаргал болтол нь шарах бөгөөд ойр ойрхон эргүүлэх хэрэгтэй. Ингээд галаа багасгаж, хайруулын тавгаа таглаад 8-10 минут байлгаж, махаа зөөлрүүлээрэй.

Соус бэлтгэхдээ: Элсэн чихрээ анар жимсний шүүсэн дээрээ хийж, гал дээр тавьна. Галаа бага дээр тохируулаарай. Үүн дээрээ шанцай, перец болон давсаа хийнэ. Дараа нь дарсаа хийгээд, хөнгөн хутгаж буцалгаарай. Бага гал дээр буцалгахад соус нь өтгөрнө. Энэ үед нь гаргаж аваарай.

Ингээд хоолоо таваглах цаг боллоо. Хайруулан тавагнаас махаа гаргаж тавиад, дээр нь соусаа асгаарай. Хүссэнээрээ яншуй, орегано зэрэг ногоогоор чимэглэж болно. Та сайхан хооллоорой.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0