Сармис хүний биед хэчнээн ач тустай болохыг ахин дахин дурдах шаардлагагүй болов уу. Учир нь хүн бүхэн энэхүү хүнсний ногоог бактерийн эсрэг үйлчилгээтэй, дархлаа дэмжинэ гэдгийг тун сайн мэднэ. Тийм ч учраас бид өдөр тутмын хоол хүнсэндээ хийж хэрэглэдэг шүү дээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ сармисны нухаш хэрхэн хийх аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Сармисны нухаш бэлтгэж, шилэн саванд хийж хадгалан, өдөр бүр хоолондоо багаханг халбагаар хэмжин хийж болох бөгөөд энэ нь хоолыг илүү амттай, шим тэжээлтэй болгох юм. Иймд та заавал хийж сураарай.
Сармисны нухаш бэлтгэх хоёр өөр аргыг хүргэж байна.
Жор 1
Найрлага:
- Сармис – 250 гр
- Давс – 1 амны халбага
- Ургамлын тос – 30 мл
- Нимбэгний шүүс – 1 халбага
Хийх арга:
Сармисаа хальсалж цэвэрлэж бэлтгээд, блендэрт хийж эргүүлнэ. Сармисаа нухаш болтол нь блендэрт эргүүлээрэй. Үүн дээрээ давс, ургамлын тос, нимбэгний шүүсээ нэмээд ахин эргүүлнэ. Ингээд бэлтгэсэн нухашаа угааж ариутгасан шилэн саванд хийж таглана. Үүнийгээ хөргөгчинд хадгалж, өдөр тутамдаа хэрэглээрэй.
Жор 2
Найрлага:
- Сармис – 250 гр
- Давс – 1 амны халбага
- Ургамлын тос – 30 мл
- Алимны цуу – 1 халбага
- Гоньд – бага зэрэг
Өмнөх жортой адилхан сармисаа хальсалж цэвэрлээд, блендэрт хийж эргүүлнэ. Бэлтгэсэн зуурмаг дээрээ үлдсэн орцоо нэмээд, ахин нэг удаа сайтар эргүүлснээр нухаш бэлэн болох юм. Үүнийгээ угааж цэвэрлэсэн шилэн саванд хийж, мөн адил хөргөгчинд хадгална.
Энэхүү сармисны нухашыг хөргөгчинд удаан хугацаанд хадгалж болох учир айх аюулгүйгээр хоолондоо хийж хэрэглэж байгаарай. Нэг удаадаа амны халбагаар нэг эсвэл тал хэмжээтэйг хоолондоо хийж амт оруулж байхад хангалттай. Мэдээж та өөрийн амталгаагаар тохируулан нухашнаас хоолондоо хийж болно.