Гарын үрчлээ, пигментийн толбо зэргийг арилгах маскыг гэртээ хийж сурцгаая.
Гар таны нүүрний арьсны адил насыг тань тодорхойлно. Гарын арьсаа арчлахгүй бол маш хурдан хөгширнө, гараа дагаад бид ч өөрсдөө хөгширнө.Тиймээс гарын арьсыг сайн арчилж байх хэрэгтэй.
Гарын арьсыг хамгаалах энгийн маскыг танд танилцуулж байна. Гэрийн нөхцөлд байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүнээс бүрдсэн маск.
Зөгийн бал, өндөгний маск
Танд хэрэгтэй зүйл: нэг өндөгний шар, 1 х.х ургамлын тос, 1 х.х зөгийн бал.
Хийх арга: өндөгний шар, зөгийн балыг тостой хольж хутгана.
Хэрэглэх арга: 1 л бүлээн усанд 2 х.х давс хийж уусгаад гараа 10 минут хийнэ. Давстай ванны дараа гараа алчуураар зөөлөн арчиж бэлдсэн зөгийн балтай тосоо түрхэж 15 минут байлгана.
Долоо хоногт хэд хэдэн удаа энэ маскыг гартаа тавьж болно. Таны гарын арьс зөөлөрч, уян хатан болох ажээ. Зөгийн бал-өндөгний маск нь давстай усны ваннтай хослон гарын арьсыг залуужуулж пигментийн толбыг арилгах үйлчилгээ үзүүлнэ.
Парафины маск
Гарын арьс хөгшрөхөөс хамгаалах бас нэгэн үр дүнтэй маск – парафины маск. Гоо сайхны салонуудад энэ төрлийн маскыг өргөн ашигладаг төдийгүй гэртээ бэлдэхэд ч маш хялбар.
Танд хэрэгтэй зүйл: 2 кг эмнэлгийн парафин (эмийн сангуудад зарагддаг), тэжээллэг тослог тос ( жишээ нь олив болон зөгийн балны суурьтай тос байж болно), эмаль сав, даавуун бээлий.
Хийх арга: Парафинаа эмальдсан саванд хийнэ, сав хуурай байх ёстойг анхаарна уу. Гал дээр тавиад парафин хайлтал хүлээнэ, парафиныг буцалгаж огт болохгүйг анхаарна уу. Галаас авна, парафиныг бас хэт халааж болохгүй.
Хэрэглэх арга: Гартаа тэжээлийн тос түрхэнэ. Гараа хайлуулж бүлээсгэсэн парафинд хийгээд 10 секундын дараа авна. Энэ байдлаар 8 удаа хийсний дараа таны гар дээр парафины давхарга үүссэн байна. Гадуур нь хөвөн даавуун бээлийгээ өмсөөрэй. Маскыг 30 минут байлгасны дараа парафин маскыг бээлийний хамтаар авна. Гартаа тэжээлийн тос түрхээд үр дүнг нь хараарай.
Энэ маскыг тавихад бага зэргийн ажиллагаатай тул тэвчээр шаардана. Биеэ арчилж залуугаараа яваарай.