Цаг хугацаанаас үл хамааран амттан идэх хүсэл төрдөг. Харин зуны халуун өдөр шарах шүүгээ асаагаад бялуу хийнэ гэхээр нэг л биш ээ. Ингээд л асуудлаа хялбар шийдэхийн тулд худалдааны бялуу авна.
Энэ удаад та бүхэнд жигнэж, шарахгүйгээр хийх бялууны жор санал болгож байна – амттай, энгийн, хүүхдүүд бол амаа олохгүй иднэ дээ. Маш хялбар: жигнэмэг – бялууны суурь болно, крем – зөөхийтэй аарц.
Амтат бялууны жор:
- Аарц – 200 г (крем хийх аарцанд тослогийг сонгоно, ширхэггүй байлгахын тулд шүүрээр хэд хэдэн удаа шахаарай)
- 20%-ийн тослогтой зөөхий – 500 г
- Цөцгийн тос – 180 г
- Жигнэмэг – 400 г
- Желатин – 30 г
- Сахарын нунтаг – 1 стакан
- Усан үзэм – 500-700 г
- Хушга – чимэглэлд
Хийх арга:
- Усны ууран дээр цөцгийн тосоо хайлуулна.
- Жигнэмгээ үйрүүлж нунтаглаад (илдүүрээр эсвэл блендерээр) цөцгийн тостой холино. Зуурмаг биежтэл түр хүлээнэ.
- Бялууны хэвний ёроолд хүнсний цаас дэвсээд (бялуугаа авахад амар байх болно) тостой жигнэмэгийн үйрмэгээ жигд тарааж тавина. Сайтар дараад хөргөгчинд 1-2 цаг хийгээрэй.
- Желатинаа стакан усанд хийж 40-60 минут хөөлгөнө.
- Сахарын нунтаг, зөөхий болон аарцаа блендерт хийж холино.
- Хөөсөн желатинаа бага зэргийн гал дээр тавьж сайтар хутгана. Желатин бүрэн ууссаны дараа галаас авч хөргөнө.
- Желатинаа аарцтай зуурмаг дээр хийж сайтар холино.
- Хөргөгчнөөс биежсэн бялууны сууриа гаргаж ирээд усан үзэм тараан тавиад дээрээс нь аарцны кремээ асгана. Хөргөгчинд 40 орчим минут амраана.
- Бялуу биежээд ирэхэд нь хэвнээс болгоомжтой авна.
- Одоо бялуугаа нунтагласан хушга, усан үзмээр чимэх л үлдлээ.
- Аарцан крем дээр та өөрийн дуртай амттанаа нэмж болно, үзэм, ванилийн сахар гэх мэт.
Жигнэж, шарахгүйгээр хийх бялуу – давуу тал ихтэй: хүүхдийн баярын бялуу болно, гэр бүлийн баярын ширээг ч чимнэ, бас гоё амттай, гоё ч харагдана.