Ихэнх охид нүүрээ 10-15 настайгаасаа эхлэн будаж эхэлдэг. Нууцаар, албар ёсоор гэх мэт… Гэхдээ эцэг эх эсвэл сургуулийнх нь хэр чанд хатуугаас бас хамаарна л даа. 20 насандаа бараг л бүгд нүд, уруулаа будаж хэвшсэн, зарим нь бүр урууландаа силикон шахуулаад эсвэл тариа хийлгээд амжсан байдаг (яг үнэндээ урууландаа хэт эрт мэс хүргэх дэмий байдаг. Учир нь хүний царай төрх 25 нас хүртэл өөрчлөгдсөөр байдаг). Ерөнхийд нь дүгнэвэл 20 нас гэдэг бол будаг шунхыг унтдаг цагаасаа ч их хугацаагаар нүүрэн дээрээ байлгадаг үе. Тиймээс энэ үеэс (20 наснаас) л арьсаа сайн арчилж эхлэх хэрэгтэй.
Дараах хэдэн энгийн дүрмийг мартаж болохгүй. Будгаа арилгахгүйгээр унтаж болохгүй. Сэрэнгүүтээ ус ууж хэвших. Гэхдээ үүнээс гадна арьсанд нэмэлт арчилгаа зайлшгүй шаардлагатай.
1. Чийгшүүлэх
Чийгшүүлэгч тос хэрэглэ. Гэхдээ хөгшрөлтийн эсрэг тос биш шүү! 30 нас хүртэл, арьсанд гагцхүү чийгшил л хэрэгтэй. Байгалийн түүхий эд, найрлага бүхий тоснуудыг сонгож байгаарай. Бага зэрэг үнэтэй тос байсан ч хамаагүй, хамгийн гол нь чанартай тос л хэрэглээрэй. Хожим уг хөрөнгө оруулалтын үр шим нь идэр насанд тань гарах болно.
2. Нүд
Нүүрний тосноос гадна зовхины тос хэрэглэж бай. Нүдний доод талын арьс хамгийн эмзэг учраас хамгийн түрүүнд үрчлээтэх хандлагатай байдаг. Цагаасаа өмнө хөгшрөхгүйн тулд нүдний доод талын арьсыг сайн чийгшүүлж бай. Нүдний доод талын ясан дээр тосоо түрхэж бай (зовхин дээрээ түрхэж болохгүй шүү. Эс бөгөөс зовхи хавагнана).
3. Тоник болон спирт агуулаагүй угаагч
Спирт арьсанд сөргөөр нөлөөлдөг. Арьс улайх, хогжруутах зэрэг нь спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсний үр дүн юм. Арьсаа арчилж чаддаггүй юмаа гэхэд ядаж нэмэлт стрессэнд оруулахгүй байх хэрэгтэй. Тиймээс худалдан авах гэж байгаа, хэрэглэх гэж байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ найрлагыг нь анхааралтай уншиж байгаарай!
4. Маск
Тоснууд заримдаа гүн чийгшил өгч чаддаггүй. Тиймээс маскийг мартаж болохгүй. Хувийн туршлагаас үзвэл эмгэн хумстай маск их үр дүнтэй байдаг. Одоогоор миний хувьд эмгэн хумстай маск нь арьсыг тайвшруулж, чийгшүүлдэг хамгийн сайн маск. Гэхдээ хүн бүрт арьсанд нь таардаг болон таардаггүй бүтээгдэхүүнүүд байдаг гэдгийг мартаж болохгүй.
5. SPF – Нарны тос
Нарнаас Д витамин авдаг боловч хэтэрхий урт хугацаанд наранд байх нь арьсыг хурдан хөгшрүүлдэг. Тиймээс зуны цагт нарны тос хэрэглэж байгаарай. Нүүр болон биеийн бусад ил гарсан хэсгүүд дээрээ нарны тос түрхээрэй.
6. Гуужуулагч
Зөөлөн гуужуулагч ч бас илүүдэхгүй ээ. Гуужуулагч нь үхэжсэн арьсыг гуужуулдаг ба энэ нь тос арьсны гүнд шингэж, үйлчилгээгээ сайн үзүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Гуужуулагчийг долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд л хангалттай.
7. Тос
Хүмүүс эрт дээр үеэс эхлэн чидун жимсний тосыг (оливийн тос) бүх биендээ түрхдэг байжээ. Үр дүнтэй, ашиг тустай болоод л ийм удаан хугацааны туршид энэ тосыг хэрэглэж ирсэн байх. Чидун жимсний тос арьсыг тайвшруулж, чийгшүүлдэг ажээ. 1-2 долоо хоногт 1 удаа арьсандаа чидун жимсний тос түрхэж хэвшээрэй. Арьс тань зөөлөн, торгомсог болох болно.