in

40-хөн минут гүйхэд таны тархи болон мэдрэлийн эд эс сэргэн төлждөг болохыг мэдэх үү? Улмаар оюун ухаан сайжирч, асуудлыг шийдвэрлэх чадвар нэмэгдэнэ

40-хөн минут гүйхэд таны мэдрэлийн эд эс сэргэн төлждөг болохыг мэдэх үү? Харин сургуульд байхад мэдрэлийн эд эс сэргэдэггүй гэж зааж сургасан байдаг.

Харин удаан гүйж байгаа хүмүүсийн хувьд гүйлтийн дараа гарах үр дүнг аль эртнээс мэдрэх болжээ. Тэдний оюун ухаан сайжирч, хүнд асуудлыг шийдвэрлэх чадвар нэмэгджээ.


Бидний амьдралд хүнд хэцүү үе тохиодог: хичээсэн болгон бүтэлгүйтэх эсвэл асуудал шийдвэрлэх нь ял болох үе зөндөө. Сэтгэл санаа тавгүйрхэж, юм л бол муу зүйл толгойд эргэлдэх, мэдрэл эцсээ хүртэл ажиллаад байгаа мэт, юу юугүй л дэлбэрэх нь ээ гэмээр тэр л мэдрэмж. Харин бид таныг гүй гэж зөвлөмөөр байна.

Мэдрэл судлаачид сүүлийн 30 жилийн турш мэдрэлийн эд эсийг судалж байгаа бөгөөд шинэ эд эсээр төлждөг болохыг тогтоогоод байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, гүйлт эсвэл идэвхтэй аэробикийн дасгал хамаагүй илүү үр дүнд хүргэнэ.

“Өнөөдрийн хувьд бидэнд зөвхөн энэ арга л мэдрэлийн эд эсийг сэргээх илүү үр дүнтэй харагдаж байна ”гэж Америкийн Мэдрэл судлалын төвийн ерөнхийлөгч Карен Постал мэдэгджээ.

“Би гүйхдээ галзуу юм шиг л байдаг, тархин дотор ямар ч холбоосгүй бодлууд эргэлддэг. Гүйж дууссаны дараа бол харин эрч хүч дотроосоо өөрөө ундарч байгаа мэт, би яг л шинэ хүн шиг мэдрэмж төрдөг” гэж дэлхийд алдаршсан зохиолч, марафон гүйлтийн тамирчин Харуки Мураками дурсжээ.

 

Мэдрэлийн эд эс сэргэх: хэзээ бөгөөд хэрхэн?

Гүйсний дараа хүний оюун ухаан сэргэдэг бөгөөд удаан хугацаагаар энэ байдлаа хадгална. Үүнээс гадна ой тогтоолт, суралцах чадвар хариуцсан мэдрэлийн эсүүд нөхөн төлждөг ажээ.

Өмссөн цамцаа хөлстэй болтол бэлтгэл хийхэд хэдий хэр цаг орох вэ гэдэг асуултанд Карен Постал 40 орчим минут идэвхтэй гүйх, бүжиглэх эсвэл аэробикээр хичээллэнэ гэж зөвлөж байна. Энэ нь мэдрэлийн шинэ эд эс бий болоход нөлөөлөх ажээ.

 

Стратеги төлөвлөгөөний төлөө гүйцгээе

Гүйлтийн бас нэг эерэг нөлөө бий, гэхдээ гүйсэн хүн бүр уг үр дүнг мэдрэхгүй. Байнга тогтмол идэвхтэй гүйдэг эсвэл аэробикээр хичээллэдэг хүн 40 минут бэлтгэл хийсний дараа дух орчмын тархины үйл ажиллагаа нь маш өндөр түвшинд идэвхиждэг ажээ. Тархины энэ хэсэг нь анхаарал төвлөрөл, зорилго тодорхойлох, үйл явдлыг төлөвлөх, цаг хуваарилах хамгийн гол нь стратеги боловсруулахад нөлөөлдөг байна.

 

Тайвшрахын тулд хэрхэн гүйх вэ?

Профессор Харвард Эмили Бернштейн гүйлтийн бас нэгэн сайн талыг баталжээ. Дух орчимд байрлах тархины хэсэг сэтгэл хөдлөлийг хянадаг учраас сэтгэл хөдлөл нь тогтворгүй хүмүүсийг тайвшруулахад хүргэдэг байна. Огцом ааштай, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа бүсгүйчүүдийн дунд туршилт хийжээ. Туршилтын явцад гүйлт нь стрессээ тайлах, сэтгэл санааны тогтвортой байдлыг олоход хурдан нөлөөлж байсан байна.

 

Гүйгчийн бодол

Хүний тархинд сайнаар нөлөөлөх бас нэгэн тал байна – тайвшруулах буюу гүйж байх хугацаанд бүх бодол, асуудлаасаа салж оюун ухаанаа цэвэрлэдэг байна. Бие хөнгөрөхөөс гадна тархи толгой амарч асуудлын шийдвэр өөрөө ороод ирж байгаа мэт болно.

Гүйлтийн уг нөлөөг Харуки Муракама дам мэддэг ажээ. Түүнээс болон адил төстэй уртын зайд гүйдэг хүмүүсээс гүйж байхдаа юу боддог вэ гэж асуужээ. Хариулт нь үнэхээр гүн ухааны агууламжтай байлаа: “гүйлтийн тухай ярихдаа би юу ярьдаг вэ?”

“Гүйх нь зөвхөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, миний хувьд бие махбодь гэхээсээ илүүтэй оюун ухаанд нөлөөтэй болсон. Өдрөөс өдөрт, нэг цэгээс нөгөө цэг рүү, даваанаас даваа давах тусам би өөрийгөө өндөрт гарч байна гэж боддог. Ямартай ч би дотоод сэтгэлийн хувьд хавьгүй дээр гарч чадсан гэдэгтээ итгэлтэй байгаа” гэжээ.

“Хүмүүс урт наслах гэж л хөөрхийс гүйж байна гэж боддог, харин гүйж байгаа хүн өөр зорилгоор гүйдэг. Удаан амьдрах гэж бус харин чанартай амьдрах гэж гүйж байгааг хүмүүс ойлгодоггүй. Нэгэнт л энэ нарт хорвоо дээр цаг хугацааг элээн амьдарч байгаа юм чинь сонирхолтой, үр бүтээмжтэй, зорилготой амьдарсан нь дээр. Хэн ч манан дунд төөрөхийг хүсэхгүй биз дээ? Ингэж амьдрахад минь гүйлт тусалдаг”.

“Гүйж байхдаа би дуугаа хураагаад өөрөө өөртэйгөө үлддэг – энэ бол сэтгэл зүйн ариун цэвэр сахиж байгаа хэрэг. Гүйж байхдаа хүнтэй ярих эсвэл хэн нэгнийг сонсох шаардлага байхгүй. Ганцхан үүрэгтэй – жирэлзэн өнгөрөх ойр орчмыг харах. Хагас цаг орчим – миний өдрийн чухал хэсгийн нэг”.

Яг л зохиол бичихтэй адил, бичиж чадаж байгаа бол бичээд л бай, чадахгүй бол – сэтгэлийн дуудлагаар орхихоос өөр аргагүй. Маргааш дахиад л бичих онгод ирнэ. Эрнест Хемингуэй энэ тухай бас бичиж байсан шиг санагдаж байна. Эхлүүлсэн зүйлээ дуусгахыг хүсвэл – хэмнэлээсээ бүү сал. Урт удаан хугацааны төсөл хэрэгжүүлэхэд энэ хамгийн чухал. Хэмнэлдээ орсон бол эцсийн зогсоолд хүрч л таараа.

Leave a Reply

Your email address will not be published.