in

Тахианы цээж махаар хэрхэн салахын аргагүй амттай хоол хийх вэ? Шалгарсан 6 жорыг танд хүргэж байна

Тахианы цээж мах нь маш сайн дэглэмийн хоол болдог. Их хэмжээний уураг агуулдаг учир бодибилдингийн тамирчид болон фитнес моделиудын дунд нилээд алдартай байдаг. Нөгөө талаас тахианы махыг хүн бүр амттай бэлтгэж чаддаггүй – нэг бол хуурай, нэг бол хэт хатуу болгочихдог.

Дараах мэдээлэлд бид хэрхэн шүүслэг, амттай хамгийн гол нь калори багатай тахианы мах бэлтгэх тухай хүргэх болно.

Тахианы цээж махаар маш олон төрлийн хоол бэлтгэж болно. Тахианы махыг ихэвчлэн төрөл бүрийн ногоотой, янз бүрийн сүмстэй шарж бэлтгэх нь элбэг байдаг. Харамсалтай нь ийм нөхцөлд дэглэмийн тухай саналтгүй. Тахианы махыг шаралгүйгээр амттай бэлтгэх арга байдаг уу? Байгаа – үүний тулд махаа зөв сүмсэнд жигнэх хэрэгтэй: ер нь бол сүмс болон бусад нэмэлтүүд калорийн хэмжээг нэг их нэмдэггүй. Жигнэх арга нь тахианы махыг болгох хамгийн зөв арга бөгөөд үүнээс гадна шарсан хуурсан хоолыг галбиртаа анхаардаг хоолны мэргэжилтнүүд зөвлөдөггүй шүү дээ.

Перц, яншуйгаар бүрсэн тахианы цээж мах

Хэрэг болох зүйлс: арьсгүй, ясгүй 4 тахианы цээж мах, 3 хумс сармис, 1 жижиг улаан чинжүү, яншуй, 2 амны халбага оливийн тос.

Яншуйтай тахианы цээж махыг хэрхэн жигнэх вэ: Шарах шүүгээгээ 200°С хүртэл халаагаад тахиагаа саванд хийж дээр нь амтлагч болон жижиглэсэн ногоогоо нэмнэ. Улаан чинжүүгээ том зүсээд сармис болон яншуйгаа блендерт хийж маш жижиг болтол нь жижиглэнэ. Дээр нь тосоо нэмээд хутгана. Ногооны сүмсээрээ тахианы махаа арчаад мах жигнэх савандаа 2 амны халбага ус нэмнэ. Тахиагаа шарах шүүгээнд таггүй 25 минут жигнэнэ.

Энэ жор нь үнэхээр амттайгаас гадна калори багатайгаараа давуу талтай. Баярын ширээний зоогоо чимэглэх чимэглэлээ нэгэн зэрэг бэлдэхийг хүсвэл тахианы махан дээрээ төмс, хулуу, хаш зэрэг ногоонууд нэмж тавиарай.

Ууттай тахианы цээж мах

Хэрэг болох зүйлс: ясгүй 2 тахианы цээж мах, 4 хумс сармис, 1,5 цайны халбага сармистай халуун ногоотой сүмс, 1 цайны халбага европ чихэрлэг гич болон ургамлын тос, тахиа амтлагч, нунтаг хар перц, давс.

Ууттай тахианы махыг хэрхэн жигнэх вэ: Гичээ халуун ногоотой сүмс, амтлагч, тос, перцтэй холиод бэлэн болсон холимгоороо тахианы махаа арчина. Дээр нь хэрчсэн сармис нэмээд 2 цаг амраана. Тахиагаа жигнэх уутандаа хийгээд шарах шүүгээнд 40 минут (190-200 градусын температурт) жигнээд цаг дуусах дөхмөгц уутаа задлаад температураа нэмнэ. Тахиагаа дахин 10 минут бор шаргал өнгөтэй болтол жигнээрэй.

Цөцгийнд жигнэсэн тахианы цээж мах

Хэрэг болох зүйлс: 400 гр тахианы цээж мах, 8 лаврын навч, 5 амны халбага цөцгий, 3 хумс сармис, “хмели-сунели” амтлагч, холимог перц, давс.

Хэрхэн тахианы махыг цөцгийнд жигнэх вэ: Тахианы мах жигнэх савны ёроолд тугалган цаас дэвс. Давс, перцтэй амтлагчаа хооронд нь холиод тахианы махаа арчина. Дараа нь иртэй хутгаар тахианы махаа цоолж нүх гаргаад дотор нь хэрчсэн сармисаа хийнэ. Тахиагаа бүх талаас нь цөцгийгөөр арчина. Лаврын навчаа хугалаад тахианы махыг тойруулан тавьж 150 градус хүртэл урьдчилж халаасан шарах шүүгээндээ хийгээд 30 минут жигнэнэ. Дараа нь температурыг 200 градус хүртэл ихэсгээд махаа болтол нь жигнэнэ.

Тугалган цаасанд жигнэсэн тахианы цээж мах

Хэрэг болох зүйлс: 2-3 хумс сармис, 1 тахианы цээж мах, оливийн тос, хар перц, давс.

Тугалган цаасанд жигнэсэн тахианы махыг хэрхэн бэлтгэх вэ: Тосоо перц, давстай холиод жижиглэсэн сармис нэмнэ. Мөн 1-2 ширхэг лаврын навч нэмж болно. Эдгээрийг нэгэн жигд болтол нухаж холино. Цээж махны дундуур зүсэлт хийгээрэй. Ингэснээр мах илүү сайн жигнэгдэх болно. Бэлтгэсэн холимгоороо махаа арчиж таглаад хөргөгчинд 1 цаг амраана. Сонгиноо арилгаад нимгэн цагирган хэрчинэ. Тугалган цаасаа хоёр давхарга тавиад бага зэрэг тослоод дээр нь сонгиноо тавина. Дараа нь цээж махаа дээр нь тавьж тугалган цаасаар сайтар бооно. 190-200 градус халаасан шарах шүүгээндээ 35-40 минут жигнээрэй.

Зөгийн балны сүмстэй тахианы цээж мах

Хэрэг болох зүйлс: 2 тахианы цээж мах, сүмсэнд – 1 амны халбага зөгийн бал болон (хар өнгөтэй) шар буурцагны сүмс, 0,5 нимбэг (шүүс), ногоо.

Зөгийн балны сүмстэй тахианы цээж махыг хэрхэн бэлтгэх вэ: Нимбэгний шүүсийг зөгийн бал, шар буурцагны сүмстэй холиод холимгоороо махаа арчина. 5-10 минут амраана. Мах жигнэх савандаа “дэр” болгох зорилгоор ногоонуудаа хийнэ. Тахианы махны арьсыг дээш харуулж тавиад сүмсээ дээр нь асгана. Тахианы цээж махны дунд илүү үлдсэн нимбэгний хэсгийг тавина. Тахиагаа 30-35 минут 190 градуст болгоно.

Тахианы махыг зөгийн баланд өөр аргаар жигнэж болно: махаа яснаас нь салгаад цохино. 300 мл хагас чихэрлэг цагаан дарсан дээр цагирган хэрчсэн сонгино, амтлагч, лаврын навч нэмсэн сүмсэнд махаа хийж 2 цаг амраана. Дараа нь савандаа хийгээд сүмсээ асгаж зөгийн балаар тахиагаа арчина. 180-200 градуст тал бүрээс нь 15-20 минут жигнэнэ.

Бидний сүүлд хүргэх жорыг калори багатай гэж хэлэхгүй ээ. Заримдаа өөрийгөө эрхлүүлмээр санагдах үе байдаг даа. Яг ийм үед хийж идэх зуурмагтай тахианы мах бэлтгэх жорыг хүргэж байна.

Давхраат зуурмагтай тахианы цээж мах

Хэрэг болох зүйлс: 500 гр давхраат зуурмаг, 200 гр мөөг, 30-40 гр хатуу бяслаг, 4 хагас тахианы цээжний мах, 2 сонгино, 1 өндөгний шар, укроп, яншуй, тос, перц, давс.

Зуурмагтай тахианы цээж мах хэрхэн бэлтгэх вэ: Цээж махаа цохиод перц, давсаар арчина. Тосон дээр тал талаас нь 1-2 минут хүчтэй гал дээр шарна. Сонгиноо жижиг хэрчээд тосонд шаргал өнгөтэй болтол нь хуурч шарна. Дээр нь мөөг нэмж шингэн уурштал шараарай. Укроп, яншуйгаа жижиглээд жижиг үрүүл дээр бяслагаа үрээд мөөг, сонгино дээрээ нэмж перц, давсаар амтална.

Гэссэн зуурмагаа гурил цацсан гамбанз дээр илдээд 4 дөрвөлжинд хуваана. Дөрвөлжин бүрийн голд нь мөөгтэй холимгоо тавиад дээр нь тал тахианы махаа тавина. Зуурмагны үзүүрүүдийг хооронд нь холбоно. Дээд талын үзүүрийг усаар норговол илүү сайн наалдах болно. Саванд илгэн цаас дэвсэж ус цацна. Зуурмагтай махаа савандаа хийгээд өндөгний шараа зуурмагтаа түрхэж 200 градусын температурт 20 минут жигнэнэ.

Тахианы цээж махаа дээрх жоруудаар жигнэж зөөлөн, шүүслэг, тасархай амттай цээжний махаар гэр бүлээ баярлуулаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *