Зөөлөн, хөвсгөр, олон давхар энэ тортыг хэрхэн хялбар, сайхан амттай хийх вэ?
Тортны кекс хийхэд:
- 1 аяга сүү
- 5 аяга гурил
- 400 гр маргарин
Крем чанахад:
- 3 өндөгний шар
- 5 аяга элсэн чихэр
- 250 гр цөцгийн тос
- 1 аяга сүү
- 5 аяга гурил
Кекс бэлтгэх арга:
- Гамбанз дээр 5 аяга гурилаа шигшиж тараана. Тасалгааны хэмд гэссэн маргаринаа хутгаар гурилтайгаа хольж, жижиг үйрмэг болгож бутална.
- 1 аяга сүүгээ бага багаар нэмж гурилаа зуурна. Гарт, гамбанзанд наалдахгүй, тослог зуурмаг болох ёстой.
- Зуурмагаа хоёр хувааж, тус бүр 7 буюу нийт 14 ширхэг тэнцүү жижиглэж хуваана. Нимгэн элдэнэ. Цэвэрхэн, хуурай листэн дээр тавьж жигд тарааж өгнө.
- Шарах шүүгээний 200ºС-т 5-7 минут болгоно. Түлж болохгүй. Салгаж авахдаа өргөн хусуураар, маш болгоомжтой гаргана.
- Бүгдийг нь гаргаж нэг хэмжээгээр зүссэний дараа илүү гарсан захуудыг нь ахин шарах шүүгээнд хийж, хүрэн шаргал болгож гаргаад хөргөнө. Дараа нь үйрмэг болгож бутална.
Крем чанах арга:
- 3 өндөгний шарыг 3 хоолны халбага элсэн чихэр, 3 хоолны халбага гурил нэмж холино. Бага зэрэг сүү хийж, шингэвтэр зуурмаг болгоно.
- Үлдсэн сүүгээ буцалгаж, дээрх зуурмаг дээр бага багаар нэмж хутгана. Буцалгана. Хөргөнө. Цөцгийн тосыг 2 аяга элсэн чихэртэй хольж миксердэнэ. Чихэртэй цөцгийн тосон дээрээ хөрсөн зуурмагаа халбагаар хийж, зуурмаг нэмэх бүртээ дунд зэргийн хурдаар жигдэртэл миксердэнэ.
- Кексэнд кремээ нимгэн түрхэж, давхарлана. Үйрмэгээр дээд талыг нь бүрнэ. Бага зэрэг үйрмэг үлдээнэ.
- Дээр нь гамбанз тавьж, устай данх ч юм уу, их хүнд биш жинтэй зүйлээр дарж хонуулна. Өглөө нь гамбанзаа авч, урсаж гарсан кремийг тортны хажуу талаар нялаад, үлдсэн үйрмэгээр бүрж өгнө.