in ,

Охид бүсгүйчүүдийн анхааралд: Гадаад төрхөө бүрдүүлэхдээ доорх 12 өнгөний хослолыг ашиглахаа бүү мартаарай

Бүсгүй хүн бүр сайхан харагдахыг үргэлж эрмэлзэн, багагүй чармайлт гаргадаг билээ. Гэвч өнгө хослуулж чаддаггүй, мэддэггүй бол нүүрээ аятайхан будах, чамин эдлэл сонгох ямар ч боломжгүй.

Хүн бүрийн гадаад төрх өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Зарим нь хүйтэвтэр хурц төрхтэй байхад зарим хүүхнүүд дулаахан аядуу харагддаг шүү дээ. Яг энэ онцлог л танд ямар өнгө зохицохыг, аль өнгөнөөс холхон явах ёстойг шийдэж өгнө. Өөрт тохирохгүй өнгийг сонгосон бол ямар ч хүн наснаасаа хөгшин, унжгар, хэнд ч анзаарагдамгүй үлбэгэр харагддаг.

Харин та донжтой, дэгжин харагдмаар байна уу? Шинэ төрх бий болгож, үргэлж гэрэлтмээр байгаа биз дээ? Ингээд танд гадаад төрхийг бүрдүүлэгч 12 өнгөний хослолын талаар мэдээлэл хүргэе.

“Хавар”-ын өнгө зохицол

Таны үс: Алтан шаргал, цайвар бор, цагаан шаргал, хүрэн шаргал, саарал туяатай шаргал, бор саарал өнгөтэй. Ерөнхийдөө дулаан шаргалдуу, алтлаг, хуван шаргал өнгө нүдэнд тусна. Бүтцийн хувьд шингэн, хөвсгөр, долгиотой байдаг. Хөмсөгний өнгө нь үстэйгээ ижил эсвэл арай бараавтар байна.

Таны нүд: Тэнгэрийн гүн хөх, ногоовтор цэнхэр, ногоон, хуван шаргал, оюу ногоон, цайвар ногоон, цайвар хөх. Ховорхон тохиолдолд хар хүрэн өнгөтэй байна. Ихэвчлэн алтлаг шаргал зураастай байдаг.

Таны арьс: Зааны ясан цагаан, шарангуй, шаазан цагаан, цайвар шаргал. Наранд удаан боловч алтлаг хүрэн, шаргал өнгөтэй болж сайхан борлоно. Хүрэн шаргалдуу сэвхтэй, ягаавтар туяа орсон хацартай.

Зөөлөн “Хавар”

Аядуухан төрх. Цайвар үсэнд зохицсон дулаан өнгө чухал.

Алтан “Хавар”

“Хавар” ба “Намар”-ын дундах өнгө зохицол. Арьсны хувьд ягаавтар, үсний өнгө алтлаг шаргал.

Тод “Хавар”

Хурц ялгарах өнгө. Алтлаг хүрэн үс. “Хавар”, “Өвөл”-ийн дундах өнгө хослол.

“Зун”-ы өнгө зохицол

Таны үс: сааралдуу цайвар, хүрэн шаргал, бор шаргал, цайвар бор, сааралдуу хүрэн. Наранд хурдан гандана. Сааралдуу туяа татаж эрт, аажмаар бууралтаж эхэлнэ. Хөмсөгний өнгө хүрэн. Цайвраас эхлээд бараан туяатай ч бас байна.

Таны нүд: Тод биш, бүүдгэрдүү. Хөх саарал, ногоон саарал, цайвар хөх, цэнхэр, ногоондуу цэнхэр, ногоон, цайвар хүрэн, саарал бор өнгөтэй байна.

Таны арьс: Нимгэн, гэрэлтсэн арьстай, хүйтэвтэр өнгөтэй, мөн сэвхтэй байх нь элбэг. Зуны маягийн арьс нь олон янз. Шаргалдуу, цайвар шаргал, ягаан шаргал, ягаавтар, шаазан цагаан, зааны ясан цагаан гэх мэт.

Байгалийн “Зун”

Энэ бол хүйтэн маягийн төрх. Бараавтар үс, мөн саарал, цайвар ногоон, ногоовтор нүд.

Дулаан “Зун”

Бор шаргал үстэй, хүйтэвтэр өнгийн арьстай хүмүүс энд хамаарна. “Хавар”, “Зун”-ы хооронд хэлбэлзэнэ.

Зөөлөн “Зун”

Хурц тод ялгахааргүй төрх, хүйтэвтэр өнгөтэй үс, ойлгоход бэрх өнгийн нүд, мөн цайвардуу арьс.

“Наар”-ын өнгө зохицол

Таны үс: Алтлаг хүрэн, улбар шаргал, улаан шаргал, хурц улбар шаргал, зэсэн улаан, цайвар зэсэн улаан, зөөлөн хүрэн, шаргал туяатай хар хүрэн. Алтлаг өнгө нэмсээр нилээд хожуу бууралтана. Хөмсөгний өнгө нь үснийхтэй бараг ижил, алтлаг туяатай.

Таны нүд: Тод, “ассан” хурц өнгөтэй. Ихэвчлэн гүн бараан өнгийн нүдтэй: хуван хүрэн, гүн ногоон, хүрэн ногоон, хар хүрэн, алтлаг хүрэн. Цэнхэр, хүрэн судалтай саарал, гүн хөх, ногоовтор хөх, цайвар хуван шаргал өнгө ховорхон тохиолдоно.

Таны арьс: Нягт, өөгүй. Барагтаа бол улайхгүй, элдэв үрэвсэл батга гарахгүй. Гэхдээ сэвхтэж магадгүй. Хацар улайх нь ховор. Улайсан ч ягаавтар өнгө тодроод л арилна. Арьсны өнгө алтлаг шаргал, ягаавтар шаргал, зааны ясан цагаан, оргилуун дарс мэт шаргал, алтлаг улаавтар, хүрэн ягаавтар, цайвар бордуу.

Байгалийн “Намар”

Улбар шаргал өнгө бол улаан өнгө рүү дөхөж очно. Арьсны хувьд шаргалдуу өнгөтэй.

Зөөлөн “Намар”

“Зун”, “Намар” хоёрыг хооронд нь холбосон өнгө. Үсний өнгийг дарсан ч арьс нь улаавтар шаргал өнгөтэй байна.

Бараан “Намар”

Цайвар арьсанд тохирсон улаавтар шаргал, бараан хүрэн өнгийн үс.

“Өвөл”-ийн өнгө зохицол

Таны үс: Бараан, хар хүрэн, улаан хүрэн, сааралдуу хүрэн, гүн ягаан. Эсвэл саарал туяатай цайвар өнгө. Өтгөн, ширүүн үс. Хөмсөг нь хар.

Таны нүд: Хар хүрэн, гүн хүрэн, хар, гүн ногоон, хар саарал, тод цэнхэр, эсвэл тод хөх.

Таны арьс: Мэдээж харьцангуй нягт, өө сэвгүй, хөхөлбий туяатай. Шаргалдуу хүрэн, ягаавтар, шарангуй, шаргал, саарал туяатай бор, шаазан цагаан, цагаан шаргал өнгөтэй. Сэвх тогтох нь ховор.

Байгалийн “Өвөл”

Хүйтэвтэр өнгийн цайвар арьс, бараан өнгийн үс.

Бараан “Өвөл”

Хүйтэвтэр өнгөтэй цайвар арьс, бараан үс. Тод нүд.

Тод “Өвөл”

Гадаад төрхийг бүрдүүлэхэд харьцангуй хүйтэн өнгөний хослол. Саарал өнгө бага зэрэг орно.

Үргэлж дэгжин, өөрийнхөөрөө гоёмсог байхыг хүсье.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0