Гар хүний насыг тодорхойлдог гэдэг. Тийм ч учраас нүүрний арьснаас илүүтэй эрт хөгширдөг байх. Хэрвээ зохих ёсоор арчилбал энэ таагүй зүйлээс зайлсхийж болно.
Та бүхэнд гар арчилгааны хэд хэдэн зөвлөгөө, дүрэм бэлдлээ. Таны гар байнга булбарай торгомсог байгаасай.
Гараа зөв угаах
Гар нь байнга ус, савантай хүрэлцэж байдаг учраас чийгээ амархан алдаж хуурайшдаг. Гараа хамгаалахын тулд дараах энгийн дүрмийг баримтлаарай.
- Шаардлагагүй бол нянгийн эсрэг саван эсвэл хэт их үнэртүүлэгчтэй савангаас татгалзаарай: арьсыг хэт хуурайшуулж улам эмзэг болгоно. Чийгшүүлэгч орцтой саван сонгоно – олив, зуун наст зэрэг тостой.
- Гараа халуун биш бүлээн усаар угаана – арьсны өөрийн хамгаалах чадварыг алдагдуулахгүй.
- Цахилгаан хатаагчаар хатаахгүй. Цаасан алчуураар арчаарай.
Бээлий өмсөх
Гар гадны хүчин зүйлд байнга өртдөг жишээ нь хүйтэн, химийн бодис, хуурай агаар. Эдгээр хүчин зүйлийг багасгахын тулд бээлий өмсөөрэй:
- Хүйтний улиралд арьсан эсвэл ноосон бээлий
- Гэрийн ажилд резинэн эсвэл латекс бээлий (сав суулга угаах, шал цэвэрлэх гэх мэт)
- Ногооны талбайд ажиллахдаа зузаан ажлын бээлий өмсөнө.
Гараа байнга чийгшүүлнэ
Гарын сайн тос – шампунь, савантай л адил чухал зүйл учраас болгоомжтой сонгоно.
- Шаардлагынхаа дагуу тосоо түрхэнэ, хамгийн багадаа өдөрт 2 удаа (өглөө, орой). Хэрвээ та хуурай арьстай бол угаалтуурынхаа хажууд гарын тосоо тавьж гараа угаасныхаа дараа заавал тос түрхэнэ. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл тосоо түрхсэний дараа даавуун бээлийн өмсөж хонуулаарай.
- Хумсыг ч бас чийгшүүлэх хэрэгтэй. Е амин дэмтэй гарын тос түрхэхийг зөвлөж байна.
- Хуурай улиралд агаар чийгшүүлэгч ажиллуулаарай.
Тэжээл болон арчилгааг мартаж болохгүй
Цогц арчилгаанд скраб, маск багтах бөгөөд долоо хоногтоо нэг удаа хийнэ.
- Гэрт байгаа хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан маск бэлдэнэ. Жишээ нь, тал авокадо, өндөгний шар, хоолны халбага нимбэгийн шүүсийг холиод гарандаа түрхэж 20 минут байлгана. Гарын өөр бусад маскыг эндээс үзнэ үү.
- Скрабын оронд оливийн тос, сахарыг хэрэглэж болно. Скрабын бусад жорыг эндээс үзнэ үү.
- Залхуучуудад зориулсан зөвлөгөө: бие, нүүрний скраб түрхэж байхдаа гарандаа адилхан түрхээрэй.
Нарнаас хамгаалах тос
Насыг илтгэх бас нэгэн шинж тэмдэг бол – гаран дээрх гиперпигментац юм. Энэ нь зөвхөн нас, элэгний үйл ажиллагаатай холбоотой бус нарны хэт ягаан туяанаас бас болно: насны эцэст насан туршдаа хуримтлуулсан зүйл гадагшилж байгаа хэрэг юм.
- Пигментийн толбоноос урьдчилан сэргийлэхийн тулд гарандаа байнга нарны тос түрхэнэ.
- Цитрус жимс мөн гайхалтай “цайруулагч” болдог. Жишээ нь, 1 х.х нимбэгийн шүүс, 1 х.х сүү, 1 ц.х зөгийн балыг хольж гарандаа тогтмол түрхээрэй. Гарын арьс цайруулах өөр бусад жорыг эндээс үзэж болно.