in

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГунигтайГунигтай

Эрдэмтдийн судалгааны үр дүн: Ямар ч жаргалтай гэр бүлийг салгаж болзошгүй 6 шалтгаан

Аз жаргалтай гэр бүлийн салалтад мөнгө ч биш, хэн нэгний урвалт ч биш байх нь бий.

Huffington Post сонинд нийтлэгдсэн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Гэр бүлийн сэтгэл судлаачдын судалгааны материалыг багцлан нэгтгэсэн сэтгүүлчийн нийтлэл бөгөөд аз жаргалтай гэр бүлийн салалтад нөлөөлөх дараах шалтгаанууд байдгийг дурджээ.

Та хоёр байнга цугтаа, найз нартайгаа уулзахаар ч гардаггүй

Хайртай хосууд цугтаа байх ёстой нь мэдээж ээ, гэхдээ найз нартайгаа нэг үдшийг цугтаа ярьж хөөрч, тоглож өнгөрөөж байх хэрэгтэй. Ганц хүн таны нийгэмших хүсэл, шаардлагыг гүйцэлдүүлж чадахгүй. Хэрвээ та хааяахан найз нартайгаа концерт үзэх, ганц хоёр шил шар айраг ууж суудаг бол та хоёрын харилцаа гайхалтай сайхан байна. Ингэснээр бие биендээ өөрсдийнхөө орон зайд амьдрах боломжийг олгож байгаа хэрэг. Бие биенээсээ түр зуур холдсоноор та хоёрын харилцаа улам бат бөх байх болно гэдгийг АНУ-ын сэтгэл судлаач Райан Хоус нотолж байна.

Бие биендээ хүрэлцэх мэдрэхүйг та үнэлдэггүй

Хэрвээ та хоёр бие биендээ зүгээр нэг хүрдэггүй бол таны гэр бүлд аюул нүүрлэх гэж байгаагийн дохио. Эхнэр, нөхрийнхөө үүргийг гүйцэтгэхдээ бие биендээ хүрэх, эсвэл хэн нэгнийхээ төрсөн өдрөөр, гэр бүлийн ойн тэмдэглэлт өдрөө баяр хүргэх гэж л бие биендээ хүрч байна уу? Гэр бүлийнхээ харилцаанд анхаарал тавих цаг болсон гэдгийг Мельбурнийн гэр бүлийн сэтгэл судлаач Дебра Кэмпбелл анхааруулж байна.

“Өдөр тутам галзуу мэт бие бие рүүгээ тэмүүлэх тухай энд огт яригдаагүй, тэгээд ч жирийн харилцаатай гэр бүл тэгэх ч үгүй. Дөнгөж танилцсан залуу хосууд л тийм байдаг байх. Гэхдээ, та өөрийнхөө ханьд олон жилийн өмнөх шигээ хайрлуулж яваа юм шүү гэдгийг нь сануулж байх хэрэгтэй” гэжээ.

Найз нарынхаа муу нөлөөнд автаж байна

Гэр бүлтэй хүн найз нараасаа татгалзах хэрэггүй, гэхдээ таарсан болгонтой нь найзлах хэрэггүй. Хэрвээ танай гэр бүлийн найз нар дунд “буруу” зуршилтай, жишээ нь бие биендээ худлаа ярьдаг, байнга муудалцдаг нэгэн байдаг бол зайгаа барьсан дээр. Ийм хүмүүс хүссэн хүсээгүй хажуугийнхандаа муугаар нөлөөлж эхэлдэг.

“Хэрвээ таны найз бүсгүй нөхрийнхөө тухай дандаа гомдол хэлж явдаг бол, эсвэл нөхрийгөө араар нь тавьдаг бол таны үзэл бодолд хүссэн хүсээгүй нөлөөлдөг байна. Та үзэл бодлоо ил гаргахгүй ч гэсэн муу зүйл бодож эхэлдэг” гэж сэтгэл зүйч Лора Хэк хэлжээ. Тэрээр гэр бүлийн«forBetter» онлайн сэтгэл зүйн эмчилгээ хийдэг ажээ.

Эсрэгээрээ – хоорондоо халуун дулаан харилцаатай гэр бүлийн найзууд танай гэр бүлд ч сайн нөлөө үзүүлнэ.

Та хоёр гэр бүлийнхээ үүрэг, хариуцлагыг хуваарилаагүй

Хэрвээ эхнэр нь (мэдээж, ихэнх гэр бүлд эхнэр нь хийдэг) ганцаараа гэрээ цэвэрлээд, ажлаа тарж ирээд хоёрдугаар ээлжээр гал тогоонд ажиллаад байвал нэг мэдэхэд гомдох сэтгэл төрж гэр бүлийн харилцаанд сэв суудаг. Альбертын их сургуулийн эрдэмтдийн олж тогтоосноор, гэр бүлийн бүх үүрэг, хариуцлага зөвхөн нэг гишүүн дээр тохоостой бол секс хийх тоо харьцангуй бага байдаг. Харин үүрэг, хариуцлагаа адилхан хуваарилаж хийдэг гэр бүлийн сексийн амьдрал тогмол илүү байдаг ажээ.

“Хэн гэр цэвэрлэх вэ? ” гэдэг асуулт анхны жилүүдэд ямар ч маргаан үүсгэхгүй, харин олон жилийн дараа эхнэр, нөхрийн харилцаанд нөлөөлж эхэлдэг байна. “Таны цэвэрч үү, заваан уу энд гол асуудал биш. Цэвэрч нямбай нь тэвчээртэй хандаж, заваан замбараагүй нь цэвэрлэж сурахад л гол асуудал оршино. Гэр бүлийн үүрэг, хариуцлагын асуудал олон жилийн турш бага багаар хуримтлагдсаар байдаг бөгөөд нэг л өдөр асуудлыг ил гаргаж ирдэгт гол бэрхшээл байна” гэж Райан Хоус ярьж байна.

Та хоёр санаа бодлоо солилцдоггүй

“Хайрт минь, өнөөдөр яаж өнгөрөв?”, “Амралтын өдрөөр яах уу?” гэдэг “жижүүр”-ийн үгсийг гүн гүнзгий харилцаа гэж бүү андуураарай. Санаа бодлоо солилцох, илүү нухацтай яриа танай гэр бүлийн харилцаанд сайнаар нөлөөлнө гэж Лиз Хиггинс үзэж байна. Тэрээр илүү залуу гэр бүлтэй ажилладаг сэтгэл судлаач ажээ.

Та хоёр харилцааныхаа талаар нухацтай ярих гэж байгаа бол өдөр, цагаа урьдчилан товлох хэрэгтэй. Бие биендээ дараах асуултыг тавьж болно: “Хоёр биенээ илүү ойлгохын тулд чи бид юу хийсэн бэ?”, “Бидний харилцааг илүү ойр дотно болгоход миний зүгээс юу хийж чадсан бэ?”, “Би чиний төлөө өөр юу хийж чадах вэ?”, “Ямар үед чамайг илүү хайрлаж байна гэдгийг чи мэдэрсэн бэ?”.

Эхлээд, ийм асуулт бие биендээ тавихад эвгүй санагдана. Харин удалгүй эдгээр асуултууд та хоёрын харилцаанд сайнаар нөлөөлж эхлэхийг мэдрэх бөгөөд бие биендээ тунирхаж, гомдох нь ч багасна. Долоо хоногтоо нэг удаа хоорондын харилцааныхаа тухай ярилцаж сураарай гэж Лиз зөвлөж байна.

Та хоёр зүгээр хөршүүд шиг болсон

“Хөршүүдийн синдром” – гэр бүлийн үл үзэгдэх алуурчин. Эхнэр, нөхөр нэг байранд, нэг хүүхдүүдтэй, нэг данстай ч хоёр өөр ертөнцөд амьдарч байгаа гэр бүлүүд байдаг. “Хэрвээ та ийм хавханд орсон бол гэр бүлийнхээ харилцааг амь оруулах арга хэмжээ яаралтай авах цаг нь болжээ” хэмээн Лора Хэк зөвлөж байна.

Цугтаа цаг өнгөрөөх дуртай ажил ол – гэртээ засвар хийх, дуу сурах, дугуй унах, хотоор зугаалах – хамгийн гол нь цугтаа цагийг зугаатай өнгөрүүлж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *